“Ертөнцийн Эзэний төгөлдөр дүүрэн байдал Есүс Христийн дотор биеллээ олжээ” гэж Пууль бичсэн бөгөөд Христтэй амь нэг болсон бидэнд тэрхүү “бүрэн дүүрэн байдал өгөгдсөн билээ” (Холосас 2:9-10). Энэ үнэнг Стефаны амьдрал харуулсан юм. “Бүрэн дүүрэн байдал” гэдэг үг түүний амьдралын дээгүүр туг далбаа мэт бичигджээ. Тэр, Эзэнийхээ адилаар Ариун Сүнсээр дүүрэн (Луух 4:1), Ертөнцийн Эзэний хайр ивээл, мэргэн ухаанаар дүүрэн (Луух 2:40), итгэл ба эрх чадлаар дүүрэн (Матай 28:18), гэрэл гэгээгээр дүүрэн (Матай 17:2, Үзэгдэл 1:16, 2 Коринф 4:6), алсын хараа, хайраар дүүрэн хүн байжээ.
Энэ ер бусын бүрэн дүүрэн чанар нь түүнийг Их Эзэнийхээ гишгэсэн мөрөөр алхан амьдрахад хүргэжээ. Иерусалим хотын анхны сүм Стефаныг 6 хүний хамт ядуу итгэгч нарын дунд хоол тараах ажилд томилсон байна. Стефан Ариун Сүнс, мэргэн ухаанаар дүүрэн байдгаараа алдартай тул ийнхүү сонгогджээ. Эндээс, бусдад үйлчилнэ гэдэг сүнсний өндөр түвшинг шаарддаг агуу дуудлага болохыг бид мэдэж болно. Есүс Өөрийн биеэр хүмүүст үйлчлэхээр дээд тэнгэрээс бууж ирсэн. Тэгэхдээ хэдэн ч удаа цугласан олныг хооллосон Зарц-Хаан маань бусдад үйлчлэх нь Ертөнцийн Эзэнд үйлчилж буйтай адил гэдгийг бидэнд харуулжээ. “Бусдад сайн үйлчилдэг хүмүүс онцгой нэр хүндтэй болж Есүс Христэд итгэх итгэлийнхээ хувьд агуу их баталгааг авдаг” (1 Тимот 3:13). Иймээс, үйлчлэл бол сүнслэг байдлыг хэмжих жинхэнэ хэмжүүр юм.
Итгэл, эрх мэдлээр дүүрэн Стефан бусдад үйлчлээд зогсохгүй, “хүмүүсийн дунд агуу гайхамшгуудыг хийн”, Их Эзэн Есүсийнхээ ажил үйлсийг ахин дахин харуулжээ. Мөн тэр Есүсийн адилаар, сайн зүйл хийснийхээ төлөө эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Зарим иудейчүүд Стефантай санал зөрөлдөж, түүний мэргэн ухаан ба түүгээр дамжуулан ярьдаг Ариун Сүнсийг сөрөн зогсох чадваргүйгээ ухаарч, Ертөнцийн Эзэн, Мөшэх, сүм зэргийг доромжлон ярьсан гэж түүнийг гүтгэн буруутгажээ. Тэгээд түүнийг сүмийн зөвлөлийн өмнө авчрахад Стефан Аврахаамын үеэс Шиломох хаан Иерусалимын сүмийг барьсан үеийг хүртэлх Израйлын түүхийг эрх чадалтайгаар ярьж, Ертөнцийн Эзэнийг хүндэлж, үйлчлэх нь Иерусалимын сүмээр хязгаарлагддаггүйг харуулжээ. Мөн, израйлчууд хэрхэн Ертөнцийн Эзэнийг үргэлж эсэргүүцэж ирснийг сануулаад, “Зөв шударга Нэгэн” Есүсийг хүртэл хороосонд тэднийг зоригтойгоор зэмлэсэн байна.
Тэр үед Стефаны царай “ер бусын элчийнхтэй адил” болсныг сүмийн зөвлөлийнхөн ажиглажээ. Ертөнцийн Эзэнтэй уулзсаны дараа Мөшэхийн царай цог жавхлантайяа гэрэлтэж байсныг тэд санаж байсан нь лавтай. Библид ийн хэлсэн байдаг: “Мөнхийн Эзэнийг хайрладаг хүмүүс нар мэт байх болно” (Захирагч нар 5:31), “Түүн өөд хардаг хүмүүн гэрэл цацруулдаг” (Дуулал 34:5), “Зөв шударга хүмүүн нар мэт туяарах болно” (Матай 13:43).
Стефан үнэхээр Есүс рүү харсан байна. Тэр “хаан ширээ нь мөнхийн улсад оршдог Түүн өөд харцаа дээшлүүлжээ” (Дуулал 123:1). Нэг ёсондоо, тэр сүр жавхлантай Есүсийг харжээ. Тэр Түүнийг Ертөнцийн Эзэний баруун гар талд зогсохыг харсан байна! Бид ихэвчлэн Есүсийг Ертөнцийн Эзэний баруун гар талд залран суудаг тухай уншдаг (Еврейчүүд 1:3, 8:1) боловч яг тэр мөчид Тэр зогссон байлаа! Библид хэлэхдээ: “Буруутган зэмлэдэг хүмүүсээс амийг нь аврахын тулд Тэр зовлонт хүний баруун гар талд зогсдог” (Дуулал 109:31) гэжээ. Тэр Өөрийнх нь төлөө баатарлаг зоригтой зогссон энэ зарцаа хүндлэн босож зогссон гэж би үздэг! Тэр ялан дийлэгч хэн бүхэнд амласан ёсоороо Стефаныг Өөрийнхөө хаан ширээнд хамт суухыг урьсан аж (Үзэгдэл 3:21)!
Нүдэндээ харснаа дүрслэн ярих Стефаны үгийг сонсоод сүмийн зөвлөлийнхөн тэсгэлгүй уурлаж, түүнийг хотоос чирч гарган чулуу нүүлгэж хороожээ. Стефан Есүст итгэдэг итгэлээсээ болж амь үрэгдсэн анхны хүн байлаа. Тэр үхэхдээ ч, Ертөнцийн Эзэний хайр ивээлээр дайснаа хүртэл хайрлахыг сурснаараа Эзэнийхээ үнэ цэнэтэй дагалдагч гэдгээ харуулсан юм. Есүс загалмай дээр: “Аав аа, тэднийг уучлаач. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэж гуйсан. Харин Стефан: “Их Эзээн, энэ гэмээс нь болж тэднээс хариу өшөө бүү аваач!” гэж гуйжээ. Есүсийн адилаар, Өөрийнх нь гарт сүнсээ даатгасан Стефаныг Ертөнцийн Эзэн хавчин гадуурхагч бүх хүнээс нь үүрд аварчээ.
Стефанд байсан Христийн бүрэн дүүрэн чанарыг бидэнд бүгдэд маань өгсөн. Өөр орчуулгад үүнийг: “Христийн дотор та нар ч бас Ертөнцийн Эзэн – Эцэг, Хүү, Ариун Сүнсээр дүүрсэн бөгөөд сүнсний бүрэн дүүрэн түвшинд хүрсэн” гэсэн байдаг. Энэ бүрэн дүүрэн түвшин дээр бид юуг ч нэмж чадахгүй. Бид Есүсийн бүрэн дүүрэн чанарыг амьдралдаа нэвт оруулахын тулд зүрх сэтгэл, оюун ухаанаа дээр байгаа зүйлд, “Ертөнцийн Эзэний баруун гар талд залран суугаа Есүс Христ” (Холосас 3:1-2) дээр тогтоон, бодол санаагаа Түүн дээр төвлөрүүлэхэд л (Еврейчүүд 3:1) болно. Жоганбаптис үүнийг “Тэр улам агуу их болж, харин би бүр ч өчүүхэн болох ёстой” (Иоган 3:30) гэжээ.
Иймээс Стефаны жишээг даган, бидэнд эхэлж итгэлийг өгсөн Есүс рүү, тэрхүү итгэлийг маань төгс болгох тэр Нэгэн лүү харцгаая. Тэгвэл бид Түүний цог жавхланг хүн бүхэнд харагдахаар тусгаж, “мөнхөд тэлсээр байдаг сүр жавхлангаар Түүнтэй улам адил болон хувирах” болно (2 Коринф 3:18). “Өмнөө байгаа баяр баясгалангийн төлөө загалмайн зовлонг тэсвэрлэн, ичгүүр гутамшгийг нь үл тоосон” Түүн өөд харцгаая. Биднийг “эцэж туйлдан, зүрхээ үхүүлэхэд хүргэхгүй”-н тулд “гэмт хүмүүсийн эсэргүүцэхийг тэвчсэн Түүнийг бодож үзэцгээе (Еврейчүүд 12:3). Өөрөөсөө өмнө үргэлж “Их Эзэнээ тавьцгаая”. Тэр бидний баруун гар талд байгаа цагт юу ч биднийг “ганхуулахгүй ээ” (Дуулал 16:8), харин бид Стефаны адил эцсээ хүртэл үнэнч байж, Их Эзэний амласан мөнх амьд-ралын титмийг олж авна (Үзэгдэл 2:10).
Миний хувьд, Стефан хэрхэн амьдрах, үхэхийн үлгэр жишээ юм. Бид Их Эзэнийхээ гишгэсэн мөрийг даган Ариун Сүнсний хүч чадлаар амьдарсан Стефаны жишээг дагах болтугай! Тэгвэл биднийг ч бас ер бусын элч шиг царайтай болохыг хүмүүс олж харах болно.
Стефаны түүхийг Библийн Үйл явдал номын 6-7-р бүлгээс олж уншаарай.
Biblees unshad olj haraagv zvilee bas oilgoogv zvilee tanii niitlelees oilgoj olon zvil surch baina ushuu olon zvil bicheerei thanks