Эртний Израйлын хэнд ч үл анзаарагдах бяцхан хотод нар аль хэдийн жаргажээ. Сүүлийн хэд хоног хүн амьтны хөлд дарагдан тоос шороо боссон энэ хотод хүний нүд хужирлачихаар юм тийм ч их биш аж. Зах зээлийн газрын худалдаа наймаа аль хэдийн зогсон, хөл хөдөлгөөн бага ч атугай намжихад өдөржин бужигналдан байсан хүмүүс энэхэн жижиг хотын цөөн хэдхэн буудалд яаж багтаж шингэсэн юм бол гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.
Ромын эзэн хаан Август харъяат ард иргэдээ тоолох тушаал буулгаснаас хойш хотод гэнэт өөрчлөлт гарч, эртний алдарт Давид хааны төрөлх хот Бэтлэхэмээс гаралтай бүх хүмүүс ийнхүү цугласан нь энэ аж.

Хорвоогийн бүх цог жавхлантай ч зүйрлэшгүй хурц гэрэл цацруулах Хаан ширээний өмнө гэрэлт хувцастай үзэсгэлэнт элч нар бүгдээрээ цуглажээ. Цаг хугацаанд хэзээ ч захирагдаж үзээгүй тэд мөнх чанар хэрхэн цаг хугацаанд захирагдах болж, Яруу алдар хэрхэн сул дорой болж, Агуу их Мэргэн ухааныг нь харан баясаж байдаг эрхэмсэг Нэгэн хэрхэн нялх хүүхэд болон энэ орон зайн өчүүхэн хэсэгт багтан дэлхийд төрөх гэж байгааг хараад гайхан зогсоно.
Ариун Ариун Ариун
Мөнхийн Агуу Хүчит Эзэн
Таны цог жавхлангаар хорвоо дүүрэн гэх дуун тасралтгүй сонсогдоно.
Тушаал авсан дайчид мэт тэдгээр ер бусын элч нар чухам юу болж байгааг бүрэн үл ухааравч Агуу Их Эзэний цуу алдар, мэргэн ухаан, үнэнч хайрыг бишрэн магтан дуулна.

Гэр бүл болоод удаагүй шинэхэн хос Бэтлэхэмд орж ирлээ. Шөнө дөл болсноос ч тэр үү, таньж мэдэх хүнгүй болоод ч тэр үү, тэдэнд хонох газар олдсонгүй. Хөл хүнд эхнэр нь илжгэн дээр мордсон залуу хосод малын хуучин саравч л олдов. Энэ шөнө эхнэр нь амаржина гэдгийг залуу тааварлан байсан боловч өөр арга олдсонгүй…

Хотын их хөл үймээнээс зайдуу хэдэн хоньчид хээр оторлон хонож байна. Тэд эрт урьдын үлгэр домог хэлэлцэн шөнийг барах дуртай улс. Галын дөл ширтэн элдвийг хүүрнэх тэдний хувьд эртний тэдгээр түүх биеллээ олно гэдэг тааварлахын аргагүй байлаа.

Гэнэт наран мэт гэрэлт хувцастай цог жавхлант элч шөнийн харанхуйг зүсэн гарч ирлээ. Хоньчид айн дагжиж зүүднээсээ сэрэх гэсэн боловч энэ бүхэн үнэхээр болж байгааг ойлгон, бүр ч их зүрх алдан газар хөсөр унав.
Өгсөн тушаалаас илүү ч, дутуу ч үг хэлж үзээгүй Гаврел хэнгэрэг хагалам сүрлэг дуугаар хүний ядмагхан хэлээр ер бусын гайхамшгийг илэрхийлж ядан хэлэв.
- Сонсогтун! Өнөөдөр Давид хааны төрөлх хотод танай Аврагч Эзэн мэндэллээ.

Энэ үгийг хэлж дуусав уу үгүй юу, хаадын Хаан, дээдийн Дээд Ертөнцийн Мөнх оршигч Агуу Их Эзэний хүн төрөлхтний төлөө хийж буй учир битүүлэг хайрын гайхамшгийг магтан бишрэх сая сая элч нар тэсэлгүй гэнэт гарч ирэн, магтаад ханашгүй Мөнхийн тэр хүч чадлыг тэнгэр дуугарах мэт чангаар ханатлаа магтав.

Айн дагжсан хоньчид хөлийнхөө хар хурдаар Бэтлэхэм рүү гүйн очиж, мал тэжээдэг тэвшин дотор хэвтэх бяцхан хүүг эхийнх нь хамт төвөггүй олов. Учир нь, тэр шөнө тийм ч олон хүн малын саравчинд хоноогүй юм. Хаадын Хаан малын тэвшинд төрлөө гэж үү хэмээн эргэлзэх сэтгэл төрөх хэдий ч, амьдралдаа хэзээ ч үл мартагдах ер бусын элч нарын үгэнд итгэхгүй байхын аргагүй билээ.

Үнэхээр Их Эзэн нь хүмүүстээ хайртай ажээ.

Хаа сайгүй оршигч Ертөнцийн Эзэн одоо малын энэхэн тэвшинд багтан хэвтэнэ. Үг бүхэн нь бүтээл бий болгодог ам одоо эхийнхээ хөхийг амлан өөрийгөө тэжээнэ. Бүхнийг захирагч мэргэн ухаан нь одоо “орчлон ертөнцийг анх Ертөнцийн Эзэн бүтээжээ” хэмээн заалгаж эхэлнэ. Хамаг бүхнийг урлан бүтээсэн гар хадаасны ирэнд шархдах болно. Хаан ширээнд залрагч Түүний титэм өргөст харганаар хийсэн өвчин байх болно. Та үнэхээр хүн болон иржээ. Заавал ингэхээс ч өөр аргагүй ажээ.

Эрхэм Дээдэс минь,
Та тавтай морилно уу!

3 Responses to Есүс мэндэлсэн түүх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Ангилал

Сэтгэгдэлүүд

  • Mash ih bayrlalaa...Burhan taniig iweeg... — Rima
  • Tiimee bidnii Etseg buteegch aguu Esusiin hair orchlond tugeh boltugai — Odgerel
  • YES!! thank you so much! bi tun udahgu hiij uzeh bno. hiij… — Tselmeg Batsaikhan
  • hiinee... bayrlalaa — noogii
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулах дасгал хэлж өгөөч:) — A
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулвал ямар дасгал хийх хэрэгтэйг хэлж өгөөч :) — A
  • bayarlalaa heregtei zuil bna shuu — odko

Зуучлан гуйлт…

SiteLock