Skip to content

Енох үхээгүй үү?

Библийн дэндүү олон ишлэлийн дагуу хүн үхэхдээ сэхээгүй болж, үл орших байдалд ордог. Энэ үнэнтэй зөрчилдөх мэт хэд хэдэн Библийн хэсэг бий. Гэтэл Ертөнцийн Эзэн худал хэлдэггүй учраас Үг нь дотроо зөрчилдөнө гэж байхгүй. Энэ бол Библийг тайлах ухааны үндсэн зарчмын нэг юм. Ямар нэгэн ишлэл дээр Түүний өөр хэсэгт тод үгээр илчилсэн үнэнг эсэргүүцсэн тайлал хийвэл Библийг буруу тайлбарлахад хүрэх нь мэдээж.
Бид өмнөх нийтлэлд хэд хэдэн тийм хэсгийг авч үзсэн. Энэ нийтлэлд онцгойлон “хэзээ ч нас бараагүй” гэдэг Енохын амьдралыг авч үзэх болно.Енохын тухай Библид бага зүйл байдаг ч тэр нь их сонирхол татам. Енох Адамын долоо дахь үеийн удам бөгөөд Ноагийн буурал өвөө байсан. Тэр үед хүн төрөлхтөн бараг бүхлээрээ Ертөнцийн Эзэнээс урваад байнга л хорон муу юм сэрэн сэтгэж, ёрын мууг үйлдэн гүйцэтгэдэг болсон (Эхлэл 6:5). Ийм үеийнхний дунд Енох харин Ертөнцийн Эзэнтэй хөл нийлүүлэн алхдаг байсан. Эцэст нь Их Эзэн түүнийг “авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй” (Эхлэл 5:24; АБ2019). Энэ ямар учиртай вэ?
Еврей эхэнд “дэлхий” гэсэн үг алга. Иймд СМО орчуулгын дагуу Их Эзэн Енохыг “авсан тул тэрээр энд байхаа болив” гэжээ. “Дэлхийд байсангүй” буюу “байхаа болив” гэж орчуулсан еврей үг ер нь “ор сураггүй болсон”, “алга болсон”, “олдохоо больсон”, “үгүй болсон” эсвэл “нас барсан” гэсэн утгатай (H369; энэ сүүлчийн утгаараа Иов 7:8,21, Дуулал 39:13; 103:16; Сургаалт үгс 12:7 зэрэг ишлэлд орсон).
Гэвч “Енох үхлийг амсалгүй тэнгэрийн улсад очсон” гэж тайлбарлах нь түгээмэл.

Энэ буруу ойлголт учир битүүлэг бас нэгэн ишлэл дээр үндэслэдэг. Үүнд: “Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ” (Еврей 11:5).

Юуны өмнө хэлэхэд, “Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй” гэсэн нь Эхлэл 5:24-н грек орчуулгаас нь шууд иш татсан үг (тэгэхээр “дэлхийд байсангүй” гэсэн хэллэгийг “олдсонгүй” гэж орчуулсан).
“Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан” гэсний хувд грек эхийг нь үзэхлээр, “дээш” гэсэн санаа байхгүй, харин өөр тийш шилжүүлэгдэхийг хэлнэ. Энэ нь “үхэл үзэхгүйн тулд” гэсэн зорилготой нь тодорхой.

Тэгвэл тус ишлэлийг үгчлэн орчуулахаар: “Үхэл үзэхгүйн тулд Енох итгэлээр шилжүүлэгдсэн” гэжээ. Энэ ямар утгатай үг вэ?

Енох нас барсан нь энэ ишлэлийн хам сэдвээс дэндүү тодорхой. «Еврей» захидлын 11-р бүлгийг бүхлээр нь уншвал итгэлийнхээ төлөө Их Эзэний сайшаалыг хүртэн магтуулсан хүмүүсийн тухай. Абел, Енох, Ноа, Абрахам, Сара нарыг нэрлээд “Тэд бүгд… итгэл дотор нас барсан билээ… Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж” (Еврей 11:13+39).

Өнгөрсөн үеийн тэр бүх итгэлийн баатрууд Их Эзэний амласан зүйлийг энэ насандаа аваагүй нас барсаныг их тодорхой хэлсэн.

“Бүгд” гэдэг үгэнд зүйрлэсэн юмуу шилжсэн утга байхгүй, “бүгд” гэдэг нь нэгийг нь ч орхиж хасалгүйгээр цөмийг нь багтаах утга агуулсан үг учраас Енох яалт ч үгүй “итгэл дотор нас барсан” итгэлийн баатруудын тоонд орно.

Тэгвэл Енох “үхлийг үзэлгүй дээш аваачигдсан” гэдэг нь түүнийг хэзээ ч үхээгүй гэсэн үг лав биш.

Улмаар…