Skip to content

Бидний тухай

Бид Есүс Христэд итгээд ертөнцийн үнэнг хайж яваа хүмүүс. Орчлон ертөнцийг бүтээсэн Эзэний тухай эргэцүүлэн бодож, амьдралын утга учрыг амьдралынхаа турш асууж ирсэн. Хүн бид яагаад энэ дэлхий дээр байдаг вэ? Бүтээгч Эзэнтэйгээ хэрхэн харьцах вэ? Энэ дэлхийд яагаад ийм их ёрын муу байдаг вэ? Дэлхийн төгсгөл болох гэж байна уу? Хайрт гэрийнхэн маань нас барахдаа хаашаа очих вэ? Сүм чуулган явах хэр чухал вэ?
Хүмүүсийн байгуулсан сүм чуулганд нилээд хугацаа явж үзсэн боловч тэнд дээрх асуултанд тодорхой хариулт олж чадсангүй. Сүмийн олон пастор асуултыг маань сонсохыг ч хүсээгүй. Хүний авч явдаг эдгээр байгууллага Бүтээгч Эзэний агууг багтааж чадахгүй, Түүний гайхамшигт хайр ивээлийг ойлгодоггийг бид олж мэдсэн.

Тиймээс асуултынхаа хариуг олох гэж Библийг өөрснөө судлахаар шийдсэн. Үүнд blueletterbible.org сайт ба тэнд ашиглагдсан Strong-ийн нэрэмжит конкорданс үнэлж баршгүй их нэмэртэй байгаа. Бид аль болох олон Библийн орчуулгыг авч үздэг. Дээр нь англи хэлтэй, герман хэлтэй байх нь их тустай. Мөн Библийн эх хэл болох грек, еврей хоёр хэлийг сурч эхэлсэн бөгөөд суралцсаар байна. Библид эмхэтгэсэн грек, еврей бичвэрүүд бол Бүтээгч Эзэний бидэнд өгсөн зуун хувь баталгаатай илчлэл гэдэгт бид итгэдэг учраас тэр. Түүний тэр илчлэлийн голд хайрыг маань татсан Түүний Хүү Есүс Христ бий. Бидний Их Эзэн Есүс Христ удахгүй энэ дэлхийд буцаж ирнэ гэдэгт бид итгэлтэй.

Библийг тайлах хэд хэдэн үндсэн зарчмыг бид дагадаг. Нэгэнт Их Эзэн Өөрийгөө бидэнд ойлгуулах зорилгоор Бичвэрүүдийг өгсөн учраас бид Түүний Үгийг өөр ямар ч номын адил “энгийнээр”, тодруулбал хам сэдвээр нь ба аль болохоор шууд утгаар нь хүлээж авдаг. Үүнд хэл зүйн мэдлэг, учир зүйн ойлголт чухал. Паул бичсэн захидалдаа логикийг ашиглан учирладаг байсан бол бид мөн адил логик ашиглавал зохино.
Мэдээж Библид яруу найраг, үзэгдэл, сургаалт үлгэр, зөгнөл гэх зэрэг шилжсэн утгаар ойлгох ёстой дүрслэх хэл их байдаг. Гэтэл “боломжтой бол шууд утгаар ойлго” гэсэн зарчмыг мөрдвөл шилжсэн утгатай хэсгийг ч таних болно. Олон хүн Библийг дураараа “сүнслэгжүүлэн” тайлбарладаг бол бид тийм тайлал хийхээс зайлсхийдэг. Тэрний оронд “Библийг Библиэр тайлбарлана” гэсэн чухал зарчимыг бид дагадаг. Библийн олон хэсэг нь эвлүүлдэг тоглоом шиг хоорондоо олон талаараа авцалдаатай. Зөв эвлүүлэхээр л том зураг нь харагдана.

Өнгөрсөн арав гаран жилийн турш олж мэдсэн асуултынхаа зарим хариуг бид үнэнг хайгч тантай энэ сайтаар дамжин хуваалцахыг хүснэ. Тэгэхдээ танаас шаардах юм бидэнд юу ч байхгүй. Нийлж элсэх байгууллага бидэнд байхгүй, мөнгө гуйх хүсэл алга. Бидэнтэй та санаа нэгдэх албагүй. Ганц хүссэн зүйл бол энэ: Та бидний бичсэн үгийг шууд эсэргүүцэх эсвэл шууд үнэмшихийн оронд өөрөө л Библиэр шалгаасай л гэж хүснэ. Цорын ганц үнэн зөвхөн Бүтээгч Эзэний Үгэнд бий.
Та ч гэсэн Мөнхийн Эзэний агууг олж мэдэн, Түүний олгодог эрх чөлөөг олох болтугай хэмээн хүсэн ерөөе!


Манай сайтад тавтай морилно уу!
Хэрэв та бидэнтэй холбоо барих, асуулт асуух мөн санаа сэтгэл солилцохоор бол дараах е-мэйл хаяг руу бидэнд хандана уу: [email protected]