Өмнөх нийтлэлдээ хоёр чухал асуултыг тавьсан. Нэгдүгээрт: Ертөнцийн Эзэний Мосед өгсөн Хуулийг итгэгч бид өнөөдөр мөрдөх ёстой юу? Есүс үүнд “тийм” гэсэн, харин Паул “үгүй” гэж хариулсан. Яагаад тэр вэ? гэвэл Есүс Хуулийг дагах тухай үгээ тэр л Хуулийг анх хүлээж авсан ард түмэнд хэлсэн. Харин тэрхүү Хуулийг авч байгаагүй бусад үндэстнүүдэд өөр мэдээг зарлахаар Паул илгээгдсэн. Ертөнцийн Эзэн Үгээ тодорхой хүмүүст хэлдэг учраас бид “Үнэний үгийг зөв хувааж” сурах хэрэгтэй. Библийг бүхлээр нь авч үзэн, суралцах нь их чухал. Гэхдээ Их Эзэний яг бидэнд хандуулсан үгийг л бид хувьдаа авч дагах нь зүйтэй. Тэр үг бол еврей бус үндэстнүүдэд зориулсан онцгой сайн мэдээ юм. Тус мэдээг зарлахаар Есүс Паулыг онцгойлон дуудсан. Паулын зарлах ёстой үг бусад элч апостолын тунхаглах зараас өөр байсан учраас тэр. Ямартай ч, еврей бусчууд бид “Хуулийн дор биш”, харин “хайр ивээлийн дор” орсноо мэдэж авсан. Еврейчүүдэд зориулсан сайн мэдээнээс бидэнд зориулсан мэдээ юугаараа өөр болохыг энэ нийтлэлд үргэлжлүүлэн авч үзнэ. Энэ замаар “итгэгч хүн авралаа алдаж болох уу?” гэсэн хоёрдахь асуултандаа ч хариу авна.
1. “Хэмжээлшгүй хайр ивээл”
“Хайр ивээлийн дор” гэснээс эхлэхэд, Паулын зарласан сайн мэдээ нь тэр чигтээ “нүгэлтнүүдэд” өгсөн Ертөнцийн Эзэний хэмжээлшгүй их хайр ивээлдээр үндэслэдэг (АБ: нигүүлсэл; грек: χάρις, charis; G5463).
“Гэхдээ Петр ч гэсэн нигүүлслийн тухай бичсэн шүү дээ” гэж хэн нэгэн өчиж магад. Тийм ээ, Библи даяар нигүүлсэл буюу хайр ивээлийн тухай гардаг. Анх удаа Библид гарсан тохиолдол бол энэ:
“Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ” (Эхлэл 6:8; H2580). “Таалал” гэж орчуулсан еврей үг АБ-д “нигүүлсэл” гэж орчуулдаг грек үгтэй утга нэг (Лук 1:30-г үзнэ үү). Хэн нэгний таалал олох гэдэг нь сэтгэлд нь нийцсэн учраас ээл ивээл нь хүртэхийг хэлнэ. Ертөнцийн Эзэн израилчуудыг лав таалалдаа авч, хайр ивээл тэдэнд үзүүлсэн. Гэвч таалалд нь багтсаар байхын тулд тэд Хуульд заасан нөхцөл болзлыг хангах ёстой. Есүсийн тунхаглаж байсан “Хаанчлалын сайнмэдээ”-ний дагуу хүмүүс бодлоо өөрчлөн (АБ: гэмшиж), Түүний үгэнд итгэж бас “гэмшилд зохистой үр жимсийг гаргах” ёстой (Матай 3:2,8; 4:23; Марк 1:14-15). Өөрөөр хэлбэл, Хуулийн хүрээнд Их Эзэний таалал ба үзүүлэх хайр ивээл хүний биеэ авч явдаг байдлаас шалтгаална. Хүмүүсийн дунд энэ нь ялгаагүй учраас Их Эзэний гэрээт ард түмэнтэйгээ харьцдаг байсан байдал нь хүн бүхэнд ойлгомжтой.
Гэтэл үндэстнүүдийн дунд Паулын тунхагласан, “Бурханы нигүүлслийн сайнмэдээ”-ний дагуу хүн ямар ч сайн үйлс хийлгүйгээр Ертөнцийн Эзэний хэмжээлшгүй их хайр ивээлийг хүртсэн (Үйлс 20:24). Үүнийг хүмүүс тэр болгон ойлгодоггүй. Тийм учраас хэмжээлшгүй таалал ямар учиртай болохыг Их Эзэн Паулын амьдралаар үлгэрлэн харуулсан (1 Тимот 1:13-16). Тухайлбал: Есүс болон Түүний элч нарын зарласан сайн мэдээнд Паул итгэж байгаагүй. Буруу замаасаа эргэн, Есүсээс өршөөл гуйж, “гэмшилд зохих үр жимс”-ийг бас гаргаагүй.
Харин ч эсрэгээр нь Есүсийг Машиах Хааны дүр эсгэгч, ард олныг хууран мэглэгч нэгэн гэж бодож, Түүний алуулсан нь зөв гэж үздэг байв. Дагалдагч нарыг нь ч устгахыг зорилгоо болгоод үүнд хамаг хүчээрээ улайран зүтгэдэг болж (Үйлс 7:58, 8:1; 22:19-20; 9:1). Үүний төлөө Паул хожим өөрийгөө “нүгэлтнүүдийн эхнийх нь”, өөрөөр хэлбэл орчлонгийн хамгийн аймшигтай гэм хийсэн хүн гэж дүгнэсэн.
Хуулийн дагуу Паул хамгийн том шийтгэл авах ёстой байв. Гэтэл энэ хамгийн адгийн амьтан шийтгүүлэхийн оронд Их Эзэний таалалд багтан, үлэмжийн их хайр ивээл нь түүн дээр “бялхсан” (1 Тимот 1:14). Өстөн дайснаа өршөөж, Өөрийн зарцаа болгохын тулд Их Эзэн хамаг тэвчээрээ дайчлах шаарлагатай байсан. Тэгэхээр өөр ямар ч хүнийг таалан хүлээж авахад Түүний тэвчээр хангалттай гэсэн үг.
Гэвч өршөөл гуйгаагүй хүнийг өршөөнө гэдэг бол Хуулийн эсрэг явдал. Их Эзэн яаж Хуулийнхаа эсрэг зүйл хийж чадсан бэ? Үүний тулд Паул Мосегийн Хууль ноёрхсон хүрээнээс гарах ёстой байв. Израилын нутгаас гарсан хойно нь Их Эзэн түүнд тэр Хуулийнхаа дагуу хандах албагүй болжээ. Иймд алан хядалт өвөрлөсөн Паулыг Их Эзэн Дамаск хотын ойролцоо гэнэт тэнгэрээс дуудан, хайр ивээлийнхээ хамгийн гайхалтай үзүүлбэрийг болгожээ…