Skip to content

Хүн яагаад үхдэг вэ?

Хүн төрөлхтөнд байсаар ирсэн хамгийн том бэрхшээл бол үхэл. Хүн бүр хэзээ нэгэн цагт үхэлтэй зайлшгүй тулгарна. “Үхэл ноёрхдог” болсон учраас тэр (Ром 5:17). Тэгвэл үхэл яагаад хүний амьдралыг ноёрхдог болсон бэ?

Энэ асуудал бид бүхний өвөг дээдэс болох анхны хүн Адамын хийсэн буруугаас үүдэлтэй. Адамд Бүтээгч Эзэн, “Сайн муу мэдлэгийн модны жимснээс бүү ид. Чи түүнээс идвэл тэр дороо гарцаагүй үхнэ” гэж анхааруулжээ (Эхлэл 2:17). Энэ ишлэлийг еврей хэлнээс бүр нарийн орчуулбал Бүтээгч Эзэн: “чи түүнээс идсэн мөчөөс эхлэн үхэх гэж үхдэг байх болно” гэжээ.

Тэр мөчөөс эхлэн үхэх үйл явц эхэлнэ гэсэн үг. Адам Бүтээгч Эзэний анхааруулгыг даанч тоогоогүйн улмаас алдаж буруутсан. Ингээд хүн төрөлхтөний үйлдсэн анхны гэм нүгэл хийгджээ.

“Нүгэл” гэдэг нь Библийн дагуу энгийн алдаанаас эхлээд, хуулийн үгийг зөрчих, бусдыг хохироох, бусдыг гомдоох хүртэлх янз бүрийн зөв бус үйлсийг багтаадаг. Буруу хандлага, буруу санаа сэдэл, мөн хийх боломжтой сайн үйлсийг хийхгүй байх нь хүртэл гэм нүгэл юм (Иаков 4:17).

Мөн, “итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм” гэсэн үг бий (Ром 14:23).

Анх нүгэл үйлдсэн тэр өдрөө Адам яалт ч үгүй үхлийн ял авчээ. Амьдрах хүчээр дутагдаж эхэлсэн Адам шууд амьсгаа хураагаагүй, харин мөнх бусаа үзүүлэх үйл явцад оров. Доройтон доройтсоор байж эцэст нь 930 настайдаа нас эцэслэв (Эхлэл 5:5). Энэ явдлын талаар Паул хожим бичихдээ: “Нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орж ирсэн бөгөөд үхэл нь нүглээр дамжин орж ирсэн” гэж тайлбарлав (Ром 5:12).

Энэ бүхнээс харахад гэм нүгэл, үхэл хоёр нь хоорондоо нягт холбоотой.

Хүн бүр Адамд оноосон ялын дор оржээ

Паул үргэлжлүүлэхдээ: “Энэ замаар үхэл бүх хүнд дамжин ирсний дээр бүгд нүгэл үйлдсэн” гэж бичив (Ром 5:12, миний орчуулга). Энэ өгүүлбэрийг эсрэгээр нь орчуулдаг нь түгээмэл. Үүнд: “Бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүнд үхэл иржээ” (АБ2019). Энэ нь теологичдыг “төрөлхийн нүгэл” гэдэг онол гаргахад хүргэсэн. Тус онолын дагуу хүн өвөг дээдсээсээ гэмт чанарыг өвлөж авдаг бөгөөд өөрийн хийдэг гэмийнхээ улмаас нас бардаг.


Гэтэл дээрх ишлэлд “тул” гэж орчуулсан жижигхэн үг [грек: ἐπί, эпи] “дээр” эсвэл “-д” (“үүнд”) гэсэн утгатай учраас зөв орчуулга нь яг эсрэгээр нь байж таарна. Үүнд:
“Үхэл нь нүглээр дамжуулан орж ирэв. Ингээд үхэл бүх хүнд дамжин ирсэн бөгөөд үүнд [=энэ байдлаас болж, үхдэг болсон учраас] бүгд гэм хийсэн”. Эсвэл: “Энэ замаар үхэл бүх хүнд дамжин ирсний дээр бүгд нүгэл үйлдсэн.”

Адамаас бид гэм нүглийг өвлөж аваагүй, харин үхлийг буюу амийн хүчээр дутмаг байхыг өвлөж авсан гэсэн үг. Хүн бүр нэг ёсондоо “төрөлхийн үхэлтэй”. Нүгэл генээр дамжин хэрхэн удамшилж болохыг ойлгоход бэрх. Харин амийн хүчний дутагдал удамшлийн өвчин мэт дамждаг гэвэл ойлгоход хялбар. Энэ утгаараа хүний “зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй” юм (Иеремиа 17:9). Энэ ишлэлд “зүрх” нь цээжинд цохилох эрхтэнг биш, сэтгэлийн төв болох бодол санааг хэлнэ. Бид бүгд амийн хүчээр дутагдах “эдгэршгүй өвчтэй”. Тийм учраас ямар ч гэм буруу хийж амжаагүй, хэвлийд буй хүүхэд хүртэл үхэх боломжтой. Адамаас гаралтай хүн бүр гэм нүгэл хийсэн ч, хийгээгүй ч ертөнцийн жам ёсоор нас барна.
Адамыг өнөөх зөрчлийг үйлдсэнээс хойш “үхэл ноёрхдог” болсон учраас тэр (Ром 5:17). Үхэл амьдралын бүх эмх цэгцийг үгүй болгож, гайхалтай зохицсон бүхнийг сүйтгэдэг. Амийн хүч дутснаас болж амьдралын дэг жаяг алдагдахад янз бүрийн алдаа дутагдал, гэм буруу орж ирэх нь зайлшгүй билээ. Үхлийн тэр завхруулагч нөлөөнөөс хэн ч зайлсхийх аргагүй. Энэ аргагүй байдлыг Паул мөн “ялзралын боолчлол” гэж нэрлэсэн (Ром 8:21).


Үхлийн хатгуур: нүгэл


Үхлийн тэр нөлөөг Паул хор бүхий “хатгуур” мэтээр дүрсэлсэн. Үүнд: “Үхлийн хатгуур нь нүгэл” (1 Коринт 15:56). Илчлэл 9:10-с харахад хилэнцэт хорхойд хортой тийм хатгуур бий.
Хор дүүрэн хатгууртай мангас мэт үхэл хүнийг нэг ёсондоо гэм нүглийн хороор хатгасан. Хэрэв үхлийн үйл явц биднийг гэм нүгэл хийхэд хүргэдэггүй байсан бол, амьдрал хамаагүй гай зовлон, саад тотгор багатай байх байсан. Үхэх үйл явдал нь дангаараа өвтгөхгүй, харин хатгуур нь болох гэм нүгэл маш их өвчин зовлон, энэлэл шаналал бий болгодог билээ.

Даан ч…

үргэлжлэл…