Skip to content

Үхэл бол сайн мэдээний…

Үхэл юу болох тал дээр Бичвэрүүдийн үгс, хүний уламжлал хоёр зөрдөгийг бид өмнөх хэдэн нийтлэлээс харсан. Эртний уламжлалын дагуу, нас барсан хүний сэтгэл үхэшгүй мөнх бөгөөд нэг бол тэнгэрт, нэг бол тамд хальж одно. Харин Библийн дагуу хүн нас барахад амин сүнс нь Бүтээгч Эзэн рүү буцна, бие махбод нь хөрс шороонд буцна, харин сэтгэл (буюу юм мэдэх, мэдрэх чадвар) нь тэр өдөртөө мөхөөд үгүй болно. Нас барсан бүх хүн үхлээс амилах өдөр хүртэл булшин дотроо нойрсох мэтээр ухаан мэдрэлгүй хэвтдэг гэсэн үг. Үхлийг ийм энгийнээр тайлбарлаж өгсөн Их Эзэний үгэнд итгэх нь ямар ашиг тустай, яагаад амин чухал болохыг энэ нийтлэлд цаашлан судална.

1. Үнэн биднийг айдсаас чөлөөлнө

Юуны түрүүнд хэлэхэд, үнэнийг мэдэх нь биднийг хэзээд чөлөөлдөг (Иохан 8:32). Үхлийн тухай үнэн мөн адил.

Хүн болгон үхлээс айдаг. Нас барахаар хаашаа явж, ямар ямар аймшигт зүйлтэй тулгарахаас айна. Гэтэл үхлийг нойрсон амрахтай төстэй гэж мэдсэн хүн үхлийн цаана янз бүрийн аймшиг хүлээхийн талаар санаа зовохоо болино.

Үхлээр оршихоо болино гэж бодохоор мэдээж бас л тодорхой хэмжээний аймшигтай. Тиймээс үхлийн үнэнийг заавал үхлээс амилахын үнэнтэй хослон ойлгох нь зөв. Бид үхсэн ч эргээд амилах нь баталгаатай гэж мэдэж авахлаар үгүй болохын аймшиг ч намдана.


Хайртай талийгаач хүмүүс үхлээр энэ дэлхийн хэцүү амьдралаас салж, хэсэг хугацаа амарч байгаа бөгөөд дараа нь дахин уулзах өдөр ирнэ гэдгийг мэдсэн нь үлдэгсдэд тайвшрал өгнө.

Нөгөө талаар нас барсан муу хүний сүнс ирж зовооно гэсэн түгээмэл айдсаас ч үхлийн тухай үнэн биднийг чөлөөлнө. Зовоож чаддаг өөр төрлийн сүнс байдаг ч гэсэн, таньдаг байсан муу хүн тэгэж зовоож чадахгүй гэж мэдэх нь зарим хүнд тустай биз ээ.

Үхэл ба амиллын үнэнийг мэдсэн итгэгч өөрийгөө ч, хайртай бүх хүмүүсээ ч Их Эзэний гарт даатган өгч, үхлийн айдсаас чөлөөлөгдөнө.

2. Үнэн биднийг хуурагдахаас хамгаална

Үнэнийг мэдэх нь биднийг чөлөөлөөд зогсохгүй, хуурагдан мэхлүүлэхээс хамгаална (2 Tесалоник 2:10-11). Гэвч үнэнийг нандигнан эрхэмлээгүйгээс болж итгэдэггүй хүмүүсийн дунд бүү хэл, Христийн сүм чуулганд хүртэл дэндүү олон хуурмаг ойлголт ба төөрөгдөл бий.

“Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн… эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс” илчлэгдэх болно. Ертөнцийн Эзэнийг олон хүн мэдсэн ч Түүнийг ертөнцийг бүтээсэн агуу их Эзэнд зохих байдлаар алдаршуулдаггүй. Жишээлбэл, Түүнд итгэдэг гэж баримталсан ч хэлсэн Үгийг нь тоомсорлодоггүй олон хүн байдаг. Ийм худал хуурмаг байхын үр дүнд “бодол санаа нь хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон” (Ром 1:18-22).

Ертөнцийн Эзэний хэлсэн үгийг тоохгүйн жишээд “сэтгэлийн үхэшгүй”-н тухай янз бүрийн шашны сургаалыг дурдаж болно.

Ертөнцийн Эзэн “нүгэл үйлдэгч хүн [еврей: сэтгэл, H5315] үхэх болно” гэж тов тодорхой хэлсэн (Екекиел 18:20). Тэгсэн ч гэсэн олон христитгэлт хүн “нүгэл үйлдэгч хүний бие үхсэн ч, сэтгэл нь амьдаараа мөнхийн зовлонт тамд орно” гэдэгт итгэдэг.

Буддын шашны сүсэгтэн болохоор “нүгэл үйлдэгч хүний сэтгэл хойд насандаа жоомны биеэр дахин төрнө” гэх зэрэг үзэлтэй байдаг.

Бөө шашны дагуу үхэгсэд “өөд болж”, тэнгэрийн доод хэсэгт байдаг “харанхуйн орон”-д очиж “бурхан болдог”.

Тэр бүх үзэл бодол мэдээж бүгд зэрэг үнэн байх боломжгүй. Нэг нь л үнэн бөгөөд бусад нь худлаа. Алдартай герман философич Кант хэлэхдээ, “Үнэн бол хүнээр тодорхойлогдоно.” Итгэгч хүн Кант гуайтай санаа нийлж чадахгүй. “Үнэн бол Бүтээгч Эзэнээр тодорхойлогдоно” гэвэл зөв.

Үхлийн талаарх Ертөнцийн Эзэний үгийг үл тоож, зүрх сэтгэл нь харанхуйлсан хүн бол харанхуйн хүчинд мэхлүүлэх аюулд байдаг.

Үхэгсэд амьд хэвээрээ гэдгийг үнэмшсэн олон хүн тэднээс мэдээлэл авах боломжтой ч гэж үздэг. Маш олон хүн энэ замаар хууртагдаж явна. Тэд хайрт талийгаачтайгаа ярих, эсвэл олон зууны өмнө амьдарч агсан алдартай хүнээс юм асуухыг хүснэ. Олон хүн үнэхээр үхэгсэдтэй харьцаж үзсэн, бас яалт ч үгүй тохирсон хариу авсан гэж үнэмшилтэйгээр баримталдаг. Үхэгсэд өөр байдлаар амьд хэвээрээ гэсний баталгаа мэтээр энэ танд санагдаж магад.

Гэтэл…