Skip to content

Дээш чиглэсэн дуудлага

Өмнөх нийтлэлд бид Паулын зарласан сайн мэдээний зарим онцлогийг авч үзээд Петрт даатгасан Хаант улсын тухай сайн мэдээнээс үнэн ялгаатай болохыг нь олж харсан. Тухайлбал: Еврейчүүдэд зориулсан сайн мэдээгээр өгөгдсөн хайр ивээл хэм хэмжээтэй бол үндэстнүүдэд зарласан сайн мэдээ хэмжээлшгүй их хайр ивээлээр бялхана. Итгэгч еврейчүүдийн хувьд хүртэл Христийн загалмай буруутгагдах хэрэг ба бүдрүүлэх саад бол үндэстнүүдийн сайн мэдээ нь Загалмай дээр бүтээсэн авралыг зарлан итгэгчдийг загалмайгаар бахдахад хүрнэ. Христийн Загалмайн ачаар үндэстнүүдэд уучлал өршөөл ирээгүй, харин үүнээс хавьгүй агуу сайхан бэлэг болох зөвтгөл (цагаатгал) ба үүнээс үүдэн Ертөнцийн Эзэний бидэнтэй эвлэрсэн эвлэрэл бий болсон.
Энэ нийтлэлд бид хэмжээлшгүй хайр ивээлтэй мэдээг хүлээж авсан хүмүүс ба тэдний онцгой тэнгэрлэг хувь заяаны тухай авч үзнэ.

Петр Израилын эрчүүдэд үгээ хэлж (Үйлс 2:14), үндэстнүүдийн дунд тархсан израилчуудад захидал бичсэн (1 Петр 1:1). Есүсийн төрсөн дүү Иаков мөн адил захидлаа “харьд тархсан арван хоёр овогт” бичив (Иаков 1:1).

Харин Паул захидлуудаа ер нь “ариун хүмүүс”-т хандуулжээ. Эсвэл тухайн газарт буй “Бурханы (доторх) чуулган”-д бичсэн.

Бурханы cүм чуулган Ариун Сүнс бууж ирсэн Пентекостын тэр өдөр эхэлсэн биз дээ. Үндэстнүүдээс итгэсэн хүмүүс Бурханы тэр л чуулганд нэмэгдсэн” гэж та бодож магад.

Анх Есүс Петр буюу хадан дээр чуулганаа босгоно гэж хэлсэн (Матай 16:18; Эфэс 2:20, Илчлэл 21:14 үзнэ үү). Иймээс Петр Пентекост өдөрт анхны сургаалаа заагаад үр дүнд нь 3000 хүн Есүст итгэгчдийн тоонд “нэмэгджээ” (Үйлс 2:41). Гэхдээ энэ бол Ертөнцийн Эзэний анхны Сүм чуулган байгаагүй нь мэдүүштэй.

“Чуулган” (сүм цуглаан) гэсэн үгийг товч судлахад грекээр экклесиа (G1577) гэдэг энэ үг “дуудаж гаргасан нь” гэсэн үндсэн утгатай. Грекчүүдийн дунд гэрээс нь дуудаж цуглуулсан иргэдийн чуулганыг “экклесиа” гэдэг байв. Сонирхолтой нь, тус үг грек нийгмийн энэ утгаар Үйлс 19-д гардаг. МЭӨ 550 онд баригдсан, Ефес дэх Артемис дарь эхийн сүм нь эртний ертөнцийн долоон гайхамшгийн нэг байв. Деметр гэгч мөнгөний дархан тус алдарт сүмийн бяцхан хуулбарыг урлан хийдэг байв. Гэтэл Паулын зарладаг мэдээнээс болж хүмүүс бүтээгдэхүүнийг нь авахаа больсон. Үүнд арга хэмжээ авахаар Деметр бусад дархчуудыг дуудаж хуралдуулсан. Тэдний үймээн дэгдээсэн цуглааныг бас “чуулган” буюу “экклэсиа” гэж нэрлэсэн байна (Үйлс 19:32; АБ: “цугласан олон”). Эцэст нь хотын захирагч хилэгнэсэн олныг тайвшруулаад, асуудлыг нь “хууль ёсны экклесиа”-гаар шийдвэрлэнэ гэжээ (Үйлс 19:39; АБ:” хурал”).

Ертөнцийн Эзэний Чуулган бол «Хуучин гэрээ»-ний үед ч байдаг байсан. Тухайлбал: Египетээс дуудаж гаргасан “цөл дэх чуулган” буюу Израилын ард түмэн (Үйлс 7:38). «Хуучин гэрээ»-ний “Септуагинта” хэмээх грек орчуулганд “экклесиа” гэдэг үг мөн гардаг: “Израилийн даяар чуулган” (Дэд хууль 31:30; Иошуа 8:35 г.м.).

Библид “чуулган” гэсэн үг гарахаар яг ямар чуулганыг ярьсан байгаа, ямар хүмүүс хаанаас “дуудаж гаргасан”-ыг анхаарч ойлгох хэрэгтэй.

Христийн Бие” гэдэг чуулган бий болсон нь


Энэ бүхнээс дүгнэхэд Ертөнцийн Эзэнд ганц биш, хэд хэдэн чуулган байдаг. Анх Египетээс дуудаж гаргасан ард түмэн Түүний чуулган байсан бол Христийн үеэр Түүнд итгэсэн иудейчүүдийг ард олны дундаас дуудан гаргасан нь чуулган нь болсон.

Дээр нь Паулын зарласан сайн мэдээнд итгэсэн үндэстний хүмүүс өөр өөрсдийн нийгмээсээ дундаас дуудагдан, орон нутгын олон чуулганыг бүрдүүлсэн. Гэхдээ тэдний орон нутгын сүм чуулганүүд хамтдаа нэгэн Чуулганыг бүрдүүлдэг. Энэ Чуулган онцгой нэртэй. Тухайлбал (Эфэс 1:22-23):

“Бурхан бүх юмсыг [Христийн] хөл доор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. Чуулган нь Түүний бие…”

Эндээс харахад тус чуулганыг “Христийн Бие” гэдэг бөгөөд Христ Есүс мэдээж Биеийнхээ Толгой. Паулын захидлаас өөр хаана ч “Христийн Бие”-ийн тухай Библид гардаггүй учраас энэ цол маш содон.
(Жич: зарим хүн “христийн биенүүд” гэж ярихыг сонссон. Нэгэнт Христ цорын ганц учраас ганцхан Биеийг л толгойлох нь жам. Нөгөө талаар Христийн Бие ганц л тэргүүнтэй байх нь ч ойлгомжтой.)

Тэгэхээр «Шинэ гэрээ»-нд Христийн дуудаж гаргасан хоёр янзын чуулган байдаг нь харагдаж байна. Энэ хоёр бүлэг хүмүүст хоёр янзын сайн мэдээ ирсэн билээ. Яагаад тэр вэ? гэвэл тэдний дуудлага болон хувь заяа нь өөр өөр учраас тэр.

Хоёр чуулганы хоёр дуудлага

Израилын чуулганы дуудлага Мосегийн үеэс эхлэн тодорхой. Үүнд: “Та нар Миний тусгаар ариун үндэстэн, тахилчдын хаант улс байх болно” (Гэтлэл 19:6).

Тэр хаант улс бол Есүсийн зарладаг байсан “тэнгэрийн хаант улс”. Хэрэв иудейчүүд Түүнд эсвэл Түүний элч нарт итгэхсэн бол ойртож ирсэн Хаант улс тэр үед байгуулагдан хамаг газар дэлхийг хамруулах байсан. Гэвч ихэнх иудейчүүд хаанчлалын тухай сайн мэдээнд ч итгэсэнгүй, Есүсийг Машиах Аврагч гэж ч хүлээж авсангүй. Харин ч тэд эхлээд Есүсийг загалмай дээр хороолгон, дараа нь Стефаныг чулуугаар шидэн алсан. Стефан грекээр “ялалтын титэм” гэсэн утгатай. Иудейчүүд Хааны хамт Хаант улсыг голсон учраас ойртон байсан Хаант улс байгуулагдах нь хойшлогдсон.

Тэглээ ч гэсэн Есүст итгэсэн еврейчүүдэд өнөөх дуудлага нь хэвээрээ. Ертөнцийн Эзэний дуудлага буцалтгүй билээ (Ром 11:29). Тус дуудлагыг Петр тод үгээр баталсан. Үүнд: “Та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм” (1 Петр 2:9).

Иохан бас энэ дуудлагаа дурдсан. Үүнд: “…биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен. ” (Илчлэл 1:6).

Хаант улс хойшлогдох нь тодорхой болсны дараа Их Эзэн Паулыг дуудаж, бусад үндэстнүүдэд илгээсэн. Паулын нэр “пауз авах” гэсэн үйл үгнээс гаралтай. Израилд зориулсан төлөвлөгөөндөө Их Эзэн завсарлага авсныг нэрээр нь хүртэл илэрхийлсэн. Паул Христийн Биеийн анхны гишүүн.

Христийн Биеийн дуудлага өөр…

үргэлжлэл…