Skip to content

Нас барсан хүмүүс Библид үзэгдсэн биш үү?

Өмнөх хэдэн нийтлэлд үхэл ямар ч амьгүй байдлыг хэлдэг гэж нотлох Библийн олон ишлэлийг харуулсан. Гэтэл энэ ойлголттой зөрчилдөх мэт хэд хэдэн Библийн хэсэг байдаг. Жишээ нь, Есүсийн дүр хувирахад Түүний хамт үзэгдсэн Мосе, Елиа хоёрыг, эсвэл Есүсийн дэргэд цовдлогдсон гэмт хэрэгтнийг дурдаж болно.


Хэрэв үхэл амьгүй байдлыг хэлдэг нь үнэн юм бол үүнтэй зөрчилдөх бүх тохиолдлыг тэр үнэний дагуу тайлбарлах тайлбар байх ёстой. Эдгээрийг энэ нийтлэлд авч үзэх болно.


1. Елиа тэнгэрийн улсад байхгүй нь лавтай

Елиа амьдаараа тэнгэр явсан” гэж заах нь түгээмэл. Учир нь, “Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. Елиша… Елиаг дахин харсангүй” (Хаадын дэд 2:11).
Сонирхолтой нь, Мөнхийн Эзэний Сүнс Елиаг өмнө нь ч тэнгэр өөд өргөж, өөр газар аваачсан бололтой (Хаадын дээд 18:12; Хаадын дэд 2:16).

Ямартай ч, тавин эш үзүүлэгч Елиаг тэнгэрийн улсад бүр явсан гэж бодоогүй, харин түүнийг олно гэж бодоод тавиулаа гурван өдөр эрж хайсан.
Гэвч энэ удаад тэд Елиаг олж чадаагүй.

Елиа тэдэнд олдоогүй нь түүнийг зайлшгүй тэнгэрийн улсад явсан гэсэн үг гэж үү? Үгүй ээ. Елиша Елиатай дахин уулзаагүй нь түүнийг яалт ч үгүй тэнгэрийн улс явсан баталгаа бас биш.

Библийн “тэнгэр” гэсэн үгэнд тэнгэр дээрх улсаас гадна мэдээж одод гялалзах, жигүүртэн шувуудын нисдэг орон зай ч багтдаг билээ (Эхлэл 7:3).

Елиа тэнгэр өөд одоход хуй салхитай байсан учраас цаг агаар явагддаг тэр тэнгэрийг ярьж байгаа нь ойлгогдож байна. Бид өнөөдөр онгоцоор аль тийшээ нисэхдээ мөн адил “тэнгэр өөд оддог” бөгөөд ард үлдээсэн хүмүүс биднийг (эргэж ирэхгүй л юм бол) “дахин харахгүй”. Гэхдээ бид заавал хаана нэг газарт буух учиртай.

Яг ийм явдал бас «Шинэ Гэрээ»-ний үед болсон. “Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй”. “Дахин хараагүй” гэдэг нь Филипийг тэнгэрийн улсад очсон гэсэн үг биш, тэрээр Азот гэдэг дэлхий дээрх өөр газар дахин “олдсон” (Үйлс 8:39-40). Елиа ч гэсэн тухайн үед өөр газар буусан байж таарна.

Ямартай ч, Елиа үйлчлэлээ үргэлжлүүлсэн баталгаа Библид бий. Тухайлбал, арваад жилийн дараа Иуда улсын Иехорам хаанд Елиагийн бичсэн захидал ирдэг (Шастирын дэд 21:12). Энэ захидалд Елиа, Елиша хоёрыг салсан тэр өдрөөс хойш хэдэн жилийн дараа л болсон явдал дурдагдсан юм.

Улмаар, Елиагийн энэ гайхалтай аялалаас олон зуун жилийн дараа Есүс түүнийг тэнгэрийн улсад очсон үгүйг илчилсэн тодорхой үг хэлэв.

Үүнд: “Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс [=Есүсээс] өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй” гэжээ (Иохан 3:13). Есүс Их Эзэний энэ үг дэндүү тодорхой. Та Их Эзэний маань үгэнд итгэвэл Елиа тэнгэрийн улс явсан эсэх асуултанд хэрхэн хариулахаа мэдсэн байна.

2. Мосе ба Елиа хоёр Петрт үзэгдсэн нь
Есүс гурван дагалдагчаа дагуулан өндөр уулан дээр гарч тэнд өөрийн үеэсээ олон зуун жилийн өмнө амьдарч байсан Мосе Елиа хоёртой уулздаг. Тэр хоёр хаа нэг газарт амьд байдаг гэсэн үг” гэж олон хүн тухайн түүхийг барьж учирладаг.

Библийг дутуу уншихаар буруу ойлголт гарч ирэх нь олонтаа. Энэ тохиолдолд мөн адил. Анхааралтай уншвал “Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв” гэж Библид бий. Дараа нь тэр уулнаас бууж явахад Есүс “энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл” гэж тэдэнд анхааруулдаг (Матай 17:3,9).

Энэ нь Үйлс 10-т Петрийн үзсэн, эсвэл «Илчлэл» номд Иоханы үзсэн “харилцан явагдах үзэгдэл” шиг ирээдүйг харуулсан зөгнөлийн чанартай үзэгдэл болохоос, болсон явдал биш. Мосе, Елиа хоёр үзэгдсэн ч, Есүстэй ярилцсан ч, үнэн хэрэгтээ амьдаар нь тэнд байгаагүй гэсэн үг. Тэдний тэр үед ба өнөөг хүртэл булшиндаа амарч буйг бид Библийн өөр олон ишлэлээс дүгнээд баттай хэлж чадна.

3. Самуел нас барсныхаа хойно Саулд үзэгдсэн нь
Саул Эндор хотын сүнс дуудагч эмийг эргэхэд Самуел түүнд үзэгдсэн (1 Самуел 28:15). Энэ нь Самуелыг нас барсныхаа хойно ч Үхлийн ертөнцөд амьд болохыг харуулна” гэж үздэг итгэгч олон бий.

Сүнс дуудагч эмийн дуудсан Самуел зөвхөн үзэгдэл байсан байж таарна. Эсвэл хоёрдахь боломжит тайлбар ч бий. Үүнд: Саулд үзэгдсэн сүнс үнэндээ Самуел биш, харин муу ёрын сүнс байв…

үргэлжлэл…