Нэгэн өдөр Мосегийн хуулиар мэргэжсэн нэгэн Есүсийг сорихоор ирж, “Багш аа, мөнхийн амьдралыг хүртэхийн тулд би яах ёстой вэ?” хэмээн асуусанд Есүс хариуд нь:
“Хуульд юу гэж бичсэн байдагбилээ? Чи хэрхэн уншдаг вэ?” гэж асуув (Лук 10:25).
Үүнд өнөөх хуульч: “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла.”
Мөн “Хөршөө өөрийн адил хайрла” гэв (Дэд хууль 6:5, Левит 19:18; Лук 10:25-27).
Энэ хариултыг нь Есүс сайшаасан. Гэхдээ хуульч Есүсийн хоёрдахь асуултанд хариулаагүй. Тэр асуулт нь их учиртай. Бид Ертөнцийн Эзэний Хуулийг ХЭРХЭН уншдаг вэ?
Хуулийн тушаал, хориглол зэрэг нь еврейгээр “ингэхгүй, тэгэхгүй” гэсэн хэлбэрээр өгөгдсөн байдаг. Тийм учраас нэг бол “тэгэхгүй шүү”, нэг бол “ирээдүйд ингэхгүй, тэгэхгүй” гэсэн утгаар уншиж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл, Хуулийг нэг бол одоо биелүүлэх ёстой мөрдлөгө болгож, нэг бол ирээдүйд биелэх амлалт болгож унших боломжтой.1 Тэгэхлээр “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн шаардлагийг еврейгээр мөн: “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрлах болно” гэж уншиж болно гэсэн үг. Үүнчлэн “хөршөө өөрийн адил хайрла” гэснийг “хөршөө өөрийн адил хайрлах болно” гэж ойлгосон ч зөв. Тэгэж уншихлаар тус үйлдэл ирээдүйд хийгдэх нь лавтай болохыг хэлзүйн энэ төлөв илэрхийлдэг.
Энэ нь шууд Ертөнцийн Эзэний Израйльтай тогтоох шинэ гэрээг сануулна. Шинэ гэрээгээр Их Эзэн ард түмнээсээ юу ч шаардахгүй, харин шаардлагатай бүхнийг Өөрөө л хийхээр амласан (Иеремиа 31:31-34).
1 Библийн еврей хэл нь сөрөг тушаалуудыг илэрхийлэхийн тулд “бүү хий” гэсэн захиран хүсэх төлөвийг ашигладаггүй. Харин хориглолтыг илэрхийлэхдээ үйлдэл төгсөөгүйг заах төлөв (Imperfect) дээр үгүйсгэгч үг (אלֹ, “лу”) нэмдэг (“ингэх-гүй, тэгэх- гүй”). Энэ нь тус үйлдэл ирээдүйд хийгдэхгүй гэж хэлэхийн адил. Арван хуульд байгаа бүх хориглолт нь энэхүү хэлзүйн хэлбэрээр бичигдсэн байна. Эерэг хоёр тушаал дээр (“Амралтын өдрийг сана”, “Аав ээжийгээ хүндэл”) мөн ердийн захиран хүсэх төлөвийг бус, харин эс тухайлах төлөвийг ашигласан (Infinitive absolute). Энэ төлөвийн гол үүрэг нь үйлдлийн эрч хүчийг нэмэгдэх, эсвэл хийгдэх нь лавтай болохыг илэрхийлэх явдал юм.
Үүнийг ойлгож авсан хүний хувьд Хуулийн шаардлагууд Ертөнцийн Эзэний биелүүлэх амлалтууд болж хувирна. Хуулийг амлалт болгон уншиж итгэдэг хүн Түүний хувьд шударга зөвд тооцогдох болно. Их Эзэний үгэнд итгэх замаар л хүн мөнхийн амьдралыг хүртэх юм (Ром 1:17).
Өнөөх хуульч энэ бүхнийг даанч ойлгоогүй, “өөрийгөө зөвтгөх”-ийг хүссэн (29-р иш). Өөрийгөө зөвтгөх талаар Библид тодорхой үг бий. Алдартай хуулийн багш Гамалиелийн шавь байсан Паул иудей хуульч нарыг маш сайн мэддэг. Тэднийг Ертөнцийн Эзэний төлөө хичнээн их хичээл зүтгэл гаргадгийг тэрээр батлан гэрчлэхдээ тэдний хичээл зүтгэл нь харамсалтай нь Их Эзэнийг таньж мэдэх “мэдлэгийн дагуу биш” гэдгийг онцолсон байдаг.
Учир нь, тэд “Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэж, Бурханы зөвт байдалд захирагдаагүй юм” (Ром 10:2-3).
Өөрийгөө зөвтгөхийг хүссэн өнөөх хуульч тэр хүмүүсийн тоонд орсон. Ертөнцийн Эзэн ба хөршөө хайрладаг өөрийнх нь хайр хангалтгүй гэж мэдсэндээ тэр үү ямартай ч хуульчдын заншлаар хуулийн цоорхойг хайсан янзаар тэр хуульч Есүсээс “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” гэж эргээд асуув.
Хариуд нь Есүс сайн самари хүний тухай сургаалт үлгэрийг ярьж өгөв. Нэгэн иудей хүн Иерусалим хотын өндөрлөгөөс Иордан голын хөндийд буй Иерихо хот руу аялах замдаа дээрэмчидтэй тааралдан, хамаг юмаа дээрэмдүүлж дээрээс нь зодуулж нүдүүлж, амьтай голтой төдий зам дээр хаягджээ.
Эхлээд Ертөнцийн Эзэний сүмд үйлчилдэг нэг тахилч, дараа нь тэр сүмд туслах ажил хийх үүрэгтэй леви овгийн нэгэн хүн тэр замаар ирсэн ч өнөөх хүнд туслалгүй яваад өгчээ. Харин иудейчүүдэд ад үзэгддэг самаричуудын нэг нь хүрч ирээд дээрэмдүүлсэн тэр хүнийг өрөвдөн асарч, аюулгүй газарт хүргэжээ.
Харин Есүс эцэст нь “хэцүү байдалд орсон тийм хүмүүс чиний хөрш байхгүй юу” гэж хэлээгүй, мөн “тэр самари хүний хөрш хэн байсан бэ?” гэж асуугаагүй, харин эсрэгээр нь “энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон бэ?” хэмээн асуусан. Энэ асуултан дээрээс тус сургаалт үлгэр бодсоноос огт өөр утгатай болж ирж байна. “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” гэсэн хуульчийн асуултыг Есүс: “Хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон бэ?” хэмээн тонгоруулан тавьсан.
Үүгээрээ Есүс хөршөө асуусан тэр хуульчийг бараг үхлүүт хэвтэж буй хүнтэй адилтгасан. Иймд “Мөнхийн амьдралыг хүртэхийн тулд би яах ёстой вэ?” гэсэн асуултанд нь өгч буй Есүсийн хариулт: “Зам дээр амьгүй шахуу, өрөвдөлтэй нь аргагүй хэвтэж буй тэр хүн шиг чи өөрийгөө аврахын тулд юу ч хийж чадахгүй, мөнхийн амийг авах боломжгүй. Чамайг энэрэх Хөршийг найдан хүлээж, өөрийгөө Түүнд даатгахаас өөр аргагүй юм” гэсэн хариулт байлаа.
Есүсийн нэрлэсэн хоёр хот хүртэл энэ санааг дэмжиж байна. Иерусалим хот далайн түвшнээс дээш 779 метрийн өндөрт оршдог бол тэр хотоос 50 км орчим зайнд буюу Иордан голын хөндийд орших Иерихо хот нь далайн түвшнээс дooш (!) 276 метрт оршино. Иерихо хотоос холгүй орших Мөхсөн тэнгис нь энэ дэлхийн хамгийн нам дор газар бөгөөд далайн түвшнээс дooш бүр 430 орчим метрт оршдог. Мөхсөн тэнгист ямар ч амь амьдрал байхгүй, хэт их давстай учраас загас болон бусад усны амьтад тэнд амьдарч чадахгүй.
Иймд дээрэмчдийн гарт орсон хүн грекээр “Иерусалимаас Иерихо орохоор явж байсан” биш, “Иерусалимаас Иерихо хот руу уруудан явсан” гэдэг.
Өндөрлөг байршилтай Иерусалим хот нь ивээл ерөөлийн газрыг билэгшээнэ. Хуулийг сахисан хүн тэр ивээлийг хүртэнэ. Даанч Хуулийг бүрэн төгс сахиж чадах хүн хаа ч үгүй. Гэвч “хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” юм (Галат 3:10). Ийнхүү өөрийн зам мөрийг зөвтгөхийг оролдсон хуульч аль хэдийнэ яллагдсан байлаа.
Хүн бүр нэг ёсондоо Иерусалимын ивээлийг ардаа орхиод тээр доор орших, хараалын газар болох Иерихо хот руу уруудан явах аянд гарчээ. Тэр аяны эцэст амь амьдрал үгүй мөхсөн байдал хүлээдэг.
Зам дээр отох дээрэмчдийн дайралт мэт янз бүрийн гэм нүгэл ба уруу таталт тулгарахад хүн “нүцгэн” бөгөөд “амьгүй шахуу” үлддэг.
Тахилч болон леви овгийн хүн хоёрыг хараад дээрэмдүүлсэн хүн өөрт нь туслах байх гэж найдсан биз ээ. Ертөнцийн Эзэнд үйлчилдэг хүмүүс тус болно гэх нүдээр харсан байх. Гэвч Ертөнцийн Эзэний тогтоосон зан үйлийг явуулах үүрэгтэй тэр хоёр, хүний шарилд гар хүрч, өөрийгөө бузарлах хориотой (Левит 21:1). Тиймээс тэд үхсэн мэт харагдах тэр хүний хажуугаар яваад өгсөн. Ертөнцийн Эзэний Хууль үнэн хэрэгтээ гэмт хүнд хүрч, амийг нь аварч чадахгүй.
Тэртэй тэргүй тахилч, леви хүн хоёр аль аль нь нөгөө хүний адил тус замаар “уруудан явж” байсан тул бас л хараал ба мөхлийг зорьж явсан. Өөрсдөө амь чадал мөхөстөөд явж буй тэд хэрхэн үхдэл мэт болсон бусдын амийг аврах вэ дээ. Мөнхийн амьдралыг хүртэхийн тулд хууль дүрэм сахихыг хичээж, зан үйл явуулах нь үр дүн өгөхгүй гэдгийг Есүс үүгээр тов тодорхой илэрхийлсэн. “Хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй” (Галат 2:16).
“Хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш олсон юм бэ?” гэж Есүс
асуухдаа анхаарлыг самари хүнд хандуулдаг. Самари хүмүүсийг иудейчүүд ихэд
дорд үздэг учраас харьцдаг ч үгүй байжээ (Иохан 4:9). Гэтэл энэ самари хүн “уруудан явсан” бус, тухайн замаар аялан явж байхдаа дээрэмдүүлсэн уг хүнтэй таарч, түүнийг өрөвдсөн. Гэм ба үхлийн үнэр түүнд саад болоогүй, Түүнийг бузартуулж чадаагүй. Тэрээр шархыг нь чидун жимсний тос, дарс хоёроор ариутган эмчилж, өөрийн унаагаараа дэн буудалд хүргэж өгсөн.
Үүгээр ч барахгүй, дэн буудлын эзэнд хоёр денар зоос өгч, дээрэмдүүлсэн хүний асаргааны зардлыг даасан. Эргэж ирэхдээ илүү гарсан төлбөрийг барагдуулахаа амласан. Тахилч, леви овгийн хүн хоёр ариун байдлаараа Хуулийн шаардсан хайрыг хажууханд нь буй хүнд өгч чадаагүй байхад, ад үзэгдсэн самари хүн дайснаа хайрлан Хуулийн шаардлагыг давж биелүүлсэн.
Есүс чухам яагаад заавал самари хүнийг үлгэртээ оруулсан юм бэ? Эрхэм хуульч самари хүнийг хэзээ ч хөршөө гэж үзэхгүй нь лавтай. Ямартай ч “хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон бэ?” хэмээсэн Есүсийн сүүлчийн асуултанд хуульч: “Самари хүн…” гэж хэлэхээс зайлсхийж, “Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь” гэж хариулсан.
Сонирхолтой нь, тэр сайн самари хүнээр Есүс Өөрийгөө хэлсэн! Үүнийг нь ч хуульч сайн ойлгосон биз ээ. Иудейчүүдийн ахлагч нар Есүстэй маргалдаж байхдаа өөрсдийгөө Абрахамын үр сад болохоос “садар самуунаас төрөөгүй” гээд, харин Есүсийг “та бол Самарийнх” гэж дээрэлхэж байсан учраас тэр (Иохан 8:41-48). Ингэж ярьснаараа тэд Есүсийг самари хүний бутач хүү гэж битүү доромжлон гутаав.
Гэтэл иудейчүүдэд гологдож ад үзэгдсэн Есүс бол Израйлийг энэрэн аврах Хөрш нь юм. “Хөрш” гэж орчуулсан үг нь “ойрхон, хажууханд буй нэгэн, шадар нэгэн, хамтран зүтгэгч, хань, нөхөр” гэсэн утгатай. Энэ үг олон тоогоор биш, ганц тоогоор бичсэн байгаа нь цаанаа учиртай. Хөршөө хайрлах тухай өнөө хууль нь голдуу тодорхой нэгэн Хөршийг хайрлах тухай гэсэн үг.
Тэр нэгэн Хөрш бол “итгэдэг хүн бүрт зөвт байдлыг авчрах хуулийн төгсгөл мөн” (Ром 10:4).
“Төгсгөл” гэдэг нь дан “эцэс, дуусгал” биш, харин “гүйцэд төгөлдөр болгох нэгэн” гэсэн үг. Өөрийн ард түмний өмнөөс хуулийн бүх шаардлагуудыг хангаж (Матай 5:17) тэдэнд мөнхийн амьдрал өгөх нь Есүс Христ. Түүнд “итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” (Иохан 3:16)
Самари хүн дээрэмдүүлсэн хүнийг чидун жимсний тос, дарс хоёроор эмчилсэн. Энэ хоёр эдийн аль аль нь шарханд тустай байхаас гадна, сүнс ба шинэ амийг билэгддэг. Чидун жимс нь мөхдөггүй модонд ургадаг2 бөгөөд хаан, тахилч, эш үзүүлэгч нарыг албанд нь томилохдоо тэрхүү жимсний тосоор тосолдог байжээ. Энэ тосолгоо нь Ертөнцийн Эзэний ариун сүнс тэр хүнийг чадваржуулахыг билэгддэг юм. Дарсны хувьд гэвэл, няцалж дарагдсан усан үзмийн шүүс зооринд хадгалагдаж спирттэй (буюу латинаар “сүнстэй”) ундаа болдог. Ингээд дарс нэг ёсондоо шинэ амьтай болж, булш мэт зоориноос зоогийн ширээнд залгадаж хүмүүсийг баясгадаг.
2 Чидун модны үндэс үхдэггүй. Мод нь гадны хүчээр үгүй болсон бол үндэс нь ямагт шинэ модны ишийг ургуулна. Өнөөдөр хамгийн урт насалсан чидун модны нэг Крит арал дээр байдаг. Дор хаяж 2000 жил насалсан тус модыг 3000-4000 настай гэдэг. Тус мод өнөөг хүртэл чидун жимсээ ургуулдаг.
Хүчин мөхөс гэдгээ мэдээд өөрийг нь аврах нэгнийг хүлээсэн хүнд Есүс шинэ амь, шинэ сүнс авчирсан (Езекиел 36:26).
Дэн буудал нь Ертөнцийн Эзэний чуулган ба гэр бүл. “Дэн буудлын эзэн” гэж орчуулсан үг грекээр “хүн бүрийг хүлээн авагч” гэсэн утгатай.
Есүс энэ дэлхийгээс явахдаа хүмүүсээ Өөрийг нь эргэж ирэх хүртэл Ертөнцийн Эзэний хамгаалалтанд орхисон. Самари хүн хоёр денар гаргаж өгсөн нь хүртэл их учиртай. Денар гэдэг нь нэг өдрийн хөлстэй дүйцэх зоос (Матай 20:2). Хоёр денар төлсөн нь хоёр хоногийн дараа эргэж ирэх төлөвлөгөөг илтгэнэ.
Үүнчлэн Есүс тухайн үед тэнгэр өөд явж, “хоёр хоногийн дараа” эргэж ирэх төлөвлөгөөтэй байжээ.
Ертөнцийн Эзэнийхээр “нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт” байдаг гэдгийг бид мартахгүй (2 Петр 3:8). Энэ үлгэрээрээ дамжин Есүс 2000 жилийн дараа эргэж ирэхээ ч битүүхэн хэлсэн гэсэн үг. 2000 орчим жилийн өмнө энэ дэлхий дээр байсан Түүний эргэж ирэх нь өнөөдөр маш ойрхон байна!
Сайн самари хүний тухай сургаалт үлгэрийн утга тайлал ийм гайхалтай юм! Хайрлах ёстой Хөрш маань бидний тусламж үзүүлэх хүмүүс биш, харин өөрийгөө аварч чадахгүй биднийг энэрч, хайр ивээл үзүүлсэн Аврагч маань юм.
Бид Түүнийг таньж мэдэхгүй, дайсан нь байхад Есүс Христ бидний дэргэд ирж, Өөрөө хамгаас ойрхон Хөрш минь болсон (Ром 5:6-10)!
“Хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон юм бэ?” гэсэн Есүсийн асуултанд хуульч: “Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь” хэмээн хариулсныг дээр дурдсан байсан. Харин энэ хариултыг нь сонсоод Есүс: “Явж, энэ мэт үйлдэгтүн” гэжээ.
Энэ юу гэсэн үг вэ? Самари хүний адил бусдад тусал гэсэн үг үү? Мэдээж бид самари хүний үлгэр жишээг даган, тусламж хэрэгтэй хүнд туслах нь зөв.
Гэхдээ Есүс энэ үгээ өөр утгаар хэлсэн. Энэ үлгэрээрээ Есүс өнөө хуульчийг харин ч өөрийн дутмаг үйлсээс нь, бусдыг ёс төдий хайрлах
хайраас нь хүртэл холдуулж, мөнхийн амьны жинхэнэ эх булаг болох, Сайн Самари Хүний үзүүлсэн хайр ивээлд хүргэхийг эрмэлзсэн. Тэрээр хэрхэн сайн, зөв хүн эсвэл сайн хөрш болохыг зааж өгөх гээгүй, харин мөхөн дотойтож байдаг хүмүүс бид хэрхэн мөнхийн амьдралыг олох вэ гэдгийг заахыг зорьсон.
Есүс хуульчийг нэгэнт дээрэмдүүлсэн хүнтэй адилтгасан учраас “энэ мэт үйлдэгтүн” гэж хэлсэн нь “дээрэмдүүлсэн хүнийг дуурай” гэсэн үтгатай үг.
Дээрэмдүүлсэн хүн тэгвэл яг юу хийсэн бэ? Энэ талаар Есүс үлгэртээ дурдаагүй ч гэсэн бид тэр хүний сэтгэлийг мэдэрч чадна.
Хэрэв та өөртөө туслах ямар ч аргагүй, зам дээр үхэх гээд хэвтэж байхад тань, хэн нэгэн хүн ирж танд хамаг чадлаараа тусалбал, нэг ёсондоо танд шинэ амьдрал бэлэглэсэн бол та тэр хүнд сэтгэлийн гүнээс талархахгүй гэж үү? Тэр хүнд өөрийн эрхгүй хайр хүрэхгүй гэж үү? Амь аварсан хүнийг хайрлах нь хэцүү биш. Яг үүнчлэн: “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид [Түүнийг] хайрладаг юм.” (1 Иохан 4:19)
Есүсийн хуульчдад болон бид бүхэнд захисан захиас бол энэ: “Чамд Хөрш болсон Нэгнийг өөрийн амь шигээ хайрла, тэгвэл чи мөнхийн амьдралыг өвлөх болно.”
“Сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, [Хуулийн үйлсийг] үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг зөвд тооцдог.”
(Ром 4:5) □
Ашигласан эх сурвалж
—Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Энэ судалгаанд АБ гэж товчилсон.
—Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible (with Greek and Hebrew Lexicons). www.blueletterbible.org