Skip to content

Хэмжээлшгүй хайр ивээл

Өмнөх нийтлэлдээ хоёр чухал асуултыг тавьсан. Нэгдүгээрт: Ертөнцийн Эзэний Мосед өгсөн Хуулийг итгэгч бид өнөөдөр мөрдөх ёстой юу? Есүс үүнд “тийм” гэсэн, харин Паул “үгүй” гэж хариулсан. Яагаад тэр вэ? гэвэл Есүс Хуулийг дагах тухай үгээ тэр л Хуулийг анх хүлээж авсан ард түмэнд хэлсэн. Харин тэрхүү Хуулийг авч байгаагүй бусад үндэстнүүдэд өөр мэдээг зарлахаар Паул илгээгдсэн. Ертөнцийн Эзэн Үгээ тодорхой хүмүүст хэлдэг учраас бид “Үнэний үгийг зөв хувааж” сурах хэрэгтэй. Библийг бүхлээр нь авч үзэн, суралцах нь их чухал. Гэхдээ Их Эзэний яг бидэнд хандуулсан үгийг л бид хувьдаа авч дагах нь зүйтэй. Тэр үг бол еврей бус үндэстнүүдэд зориулсан онцгой сайн мэдээ юм. Тус мэдээг зарлахаар Есүс Паулыг онцгойлон дуудсан. Паулын зарлах ёстой үг бусад элч апостолын тунхаглах зараас өөр байсан учраас тэр. Ямартай ч, еврей бусчууд бид “Хуулийн дор биш”, харин “хайр ивээлийн дор” орсноо мэдэж авсан. Еврейчүүдэд зориулсан сайн мэдээнээс бидэнд зориулсан мэдээ юугаараа өөр болохыг энэ нийтлэлд үргэлжлүүлэн авч үзнэ. Энэ замаар “итгэгч хүн авралаа алдаж болох уу?” гэсэн хоёрдахь асуултандаа ч хариу авна.

1. “Хэмжээлшгүй хайр ивээл”

“Хайр ивээлийн дор” гэснээс эхлэхэд, Паулын зарласан сайн мэдээ нь тэр чигтээ “нүгэлтнүүдэд” өгсөн Ертөнцийн Эзэний хэмжээлшгүй их хайр ивээлдээр үндэслэдэг (АБ: нигүүлсэл; грек: χάρις, charis; G5463).

Гэхдээ Петр ч гэсэн нигүүлслийн тухай бичсэн шүү дээ” гэж хэн нэгэн өчиж магад. Тийм ээ, Библи даяар нигүүлсэл буюу хайр ивээлийн тухай гардаг. Анх удаа Библид гарсан тохиолдол бол энэ:

“Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ” (Эхлэл 6:8; H2580). “Таалал” гэж орчуулсан еврей үг АБ-д “нигүүлсэл” гэж орчуулдаг грек үгтэй утга нэг (Лук 1:30-г үзнэ үү). Хэн нэгний таалал олох гэдэг нь сэтгэлд нь нийцсэн учраас ээл ивээл нь хүртэхийг хэлнэ. Ертөнцийн Эзэн израилчуудыг лав таалалдаа авч, хайр ивээл тэдэнд үзүүлсэн. Гэвч таалалд нь багтсаар байхын тулд тэд Хуульд заасан нөхцөл болзлыг хангах ёстой. Есүсийн тунхаглаж байсан “Хаанчлалын сайнмэдээ”-ний дагуу хүмүүс бодлоо өөрчлөн (АБ: гэмшиж), Түүний үгэнд итгэж бас “гэмшилд зохистой үр жимсийг гаргах” ёстой (Матай 3:2,8; 4:23; Марк 1:14-15).1 Өөрөөр хэлбэл, Хуулийн хүрээнд Их Эзэний таалал ба үзүүлэх хайр ивээл хүний биеэ авч явдаг байдлаас шалтгаална. Хүмүүсийн дунд энэ нь ялгаагүй учраас Их Эзэний гэрээт ард түмэнтэйгээ харьцдаг байсан байдал нь хүн бүхэнд ойлгомжтой.

Гэтэл үндэстнүүдийн дунд Паулын тунхагласан, “Бурханы нигүүлслийн сайнмэдээ”-ний дагуу хүн ямар ч сайн үйлс хийлгүйгээр Ертөнцийн Эзэний хэмжээлшгүй их хайр ивээлийг хүртсэн (Үйлс 20:24). Үүнийг хүмүүс тэр болгон ойлгодоггүй. Тийм учраас хэмжээлшгүй таалал ямар учиртай болохыг Их Эзэн Паулын амьдралаар үлгэрлэн харуулсан (1 Тимот 1:13-16). Тухайлбал: Есүс болон Түүний элч нарын зарласан сайн мэдээнд Паул итгэж байгаагүй. Буруу замаасаа эргэн, Есүсээс өршөөл гуйж, “гэмшилд зохих үр жимс”-ийг бас гаргаагүй.

Харин ч эсрэгээр нь Есүсийг Машиах Хааны дүр эсгэгч, ард олныг хууран мэглэгч нэгэн гэж бодож, Түүний алуулсан нь зөв гэж үздэг байв. Дагалдагч нарыг нь ч устгахыг зорилгоо болгоод үүнд хамаг хүчээрээ улайран зүтгэдэг болж (Үйлс 7:58, 8:1; 22:19-20; 9:1). Үүний төлөө Паул хожим өөрийгөө “нүгэлтнүүдийн эхнийх нь”, өөрөөр хэлбэл орчлонгийн хамгийн аймшигтай гэм хийсэн хүн гэж дүгнэсэн.

Хуулийн дагуу Паул хамгийн том шийтгэл авах ёстой байв. Гэтэл энэ хамгийн адгийн амьтан шийтгүүлэхийн оронд Их Эзэний таалалд багтан, үлэмжийн их хайр ивээл нь түүн дээр “бялхсан” (1 Тимот 1:14). Өстөн дайснаа өршөөж, Өөрийн зарцаа болгохын тулд Их Эзэн хамаг тэвчээрээ дайчлах шаарлагатай байсан. Тэгэхээр өөр ямар ч хүнийг таалан хүлээж авахад Түүний тэвчээр хангалттай гэсэн үг.

Гэвч өршөөл гуйгаагүй хүнийг өршөөнө гэдэг бол Хуулийн эсрэг явдал. Их Эзэн яаж Хуулийнхаа эсрэг зүйл хийж чадсан бэ? Үүний тулд Паул Мосегийн Хууль ноёрхсон хүрээнээс гарах ёстой байв. Израилын нутгаас гарсан хойно нь Их Эзэн түүнд тэр Хуулийнхаа дагуу хандах албагүй болжээ. Иймд алан хядалт өвөрлөсөн Паулыг Их Эзэн Дамаск хотын ойролцоо гэнэт тэнгэрээс дуудан, хайр ивээлийнхээ хамгийн гайхалтай үзүүлбэрийг болгожээ.

Их Эзэний тааллаар л дуудагдсан Паул хожим өөрөө Түүний гайхамшигт хайр ивээлийг үндэстнүүдийн дунд зарлах үүрэг авчээ.

Энэ бол арван хоёр элч нарын үйлчлэлээс тэс өөр үйлчлэл аж. Тэдний зарласан сайн мэдээг дуулгавартай дагасан израилчууд ивээгдэх агаад тэдний араас үндэстнүүд ч ивээгдэх учиртай. Энэ бол анх Израилын өвөг эцэг Абрахамд өгсөн амлалтын дагуу юм: “Газар дэлхийн бүх овог ураг чамаар дамжин ерөөгдөнө” (Эхлэл 12:3). Даанч Израил дуулгавартай байгаагүй. Тэд Есүсийг ч хүлээж аваагүй, Түүний арван хоёр элч нарын үгийг ч аваагүй. Ингээд тэд өөрсдөө ерөөгдөөгүй бөгөөд тэдний үндэснүүдийг ивээж ерөөх “суваг” ч “бөглөрчээ”. Харин Паулын сайн мэдээний дагуу Израил бүтэлгүйтсэн ч гэсэн (яг хэлэхэд бүтэлгүйтсэн учраас) Ертөнцийн Эзэн үндэстнүүдэд шууд л болзолгүй тааллаа өгөхөөр болжээ. Итгэгч бидэнд өгсөн тэр тааллыг Паул “хэмжээлшгүй хайр ивээл” гэдэг (2 Коринт 9:14).


Нэгэнт Паул Их Эзэний таалалд нийцэхээр юу ч хийгээгүй, харин ч тааллыг нь устгамаар, хамгийн адгийн хорлонтой үйлс хийж явахдаа Түүний хайр ивээлийг хүртсэн бол Их Эзэний тааллыг алдахаар юм хийж чадах уу? Чадахгүй. “Дамаскын зам дээр” олсон авралаа хүн алдахын аргагүй. Паулыг Их Эзэн нэгэнт араас нь итгэх бүх итгэгчдэд үлгэр загвар нь болгосон учраас Есүст итгэсэн түүх нь маш чухал. Тийм учраас Библид хэд хэдэн удаа өгүүлсэн байна (Үйлс 9:1-19; 22:3-16; 26:9-18; Галат 1:11-16). Энэ болсон явдлаас сурч авах хамгийн чухал зүйл бол энэ: Биднийг дайсан нь байх үед Ертөнцийн Эзэний Хүү биднийг аврах гэж амиа өгсөн (Ром 5:6,10). Их Эзэний энэ хэмжээлшгүй тааллыг бид сайн үйлс хийснээр олж чадахгүй, бас буруу юм хийснээс болж алдах боломжгүй. Наран дор амьдарч яваа хүн муу үйлсээрээ нарны гэрлийг унтрааж чадахгүйн адил тааллын дор орсон итгэгч хүн хамгийн муу муухай юм хийсэн ч гэсэн Түүний хэмжээлшгүй тааллыг үгүй хийж чадахгүй. Паулын сайн мэдээ нь үнэхээр ямар ч болзолгүй бөгөөд ялангуяа тэнэг мунхаг, сул дорой, арчаагүй дорой, хэн ч бишд тооцогдсон гавьяагүй хүмүүст зориулсан юм (1 Коринф 1:27-28).

Харамсалтай нь, олон итгэгч хүн Их Эзэний тааллыг голж, эргээд Хуулийн хүрээнд орж Хууль дагаснаар өөрөө өөрсөддөө Түүний хайр ивээлийг олж авахыг хичээх мунхаг замд ордог (Галат 5:4). Тийм итгэгч нарны дулаан гэгээнээс гарч, хүйтэн сүүдэрт орох мэт. Гэвч Хуулийн сүүдрээс гарангуут хайр ивээлийн наран гийсэн хэвээр байхыг олж мэдэх болно.

“Хайр ивээл” Паулын хувьд ямар чухал болох нь доорх хүснэгтээс ч тод харагдана. Грек үг нь (G5463) «Шинэ гэрээ»-нд нийт 156 удаа гарснаас 102 дурдалт нь Паулын захидлаас олдоно.

2. “Загалмайн тухай үг”

Паулын зарласан сайн мэдээний цөм бол Христийн загалмай. Итгэлийн маань “хамгийн чухлыг” тэрээр 1 Коринф 15:1-4-д тов тодорхой бичсэн. Тухайлбал: Христ1. Бичвэрийн дагуу 2. бидний гэмийн төлөө 3. нас барж оршуулагдаад 4. дахин амилсан. Энэ үгийг “баримталж бас дэмий хоосон итгээгүй хүн түүгээр аврагдсан”.
“Гэхдээ Петр ч гэсэн загалмайн тухай ярьдаг биз дээ” гэж бас нэг хүн өчих байх. Тийм ээ, Есүсийн загалмай дээр нас бараад дахин амилсныг Петр мэдээж гэрчлэн ярьсан. Гэхдээ загалмайг хэрхэн ярьсныг анзаарсан уу? Ариун Сүнс бууж ирсэн Пентекостын тэр өдөр Петр Иерусалимд цугларсан иудейчүүдэд үг хандуулахдаа: “Бурханы тогтоосон төлөвлөгөө ба урьдаас мэдсэн ёсоор та нар [Есүсийг] хуульгүйчүүдийн гараар цовдолж алсан!” гэжээ.

(“Хуульгүйчүүд” бол Ертөнцийн Эзэний Хуулийг хүлээж аваагүй үндэстнүүд буюу энэ тохиолдолд ромчуудыг хэлнэ. Ромчууд мэдээж өөрийн гэсэн хуультай ч еврейчүүд бусдын тогтоосон хуулийг Ертөнцийн Эзэний өгсөн Хуулийн дэргэд юу ч биш гэж үздэг.)

Улмаар, Петр: “Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн” гэжээ. Энэ үгийг сонссон хүмүүсийн зүрх сэтгэл өвдсөн болохоор тэд Петр болон бусад элч нараас “Ах дүү нар аа, бид одоо яах вэ?” гэж асууцгаав. Петрийн хариу: “Гэмшигтүн…!” (Үйлс 2:23,36-38)

Дараа нэг өдөр Петр Иоханы хамт саа өвчтэй хүнийг эдгээснийхээ төлөө тэргүүн тахилчдад байцаагдаж байхдаа: “Ард түмний захирагчид болон ахлагч нар аа! … та нарын цовдолсон бөгөөд Бурханы үхэгсдээс амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй” гэв (Үйлс 4:10).

Дараа нь бас нэг шүүлгэж байхдаа Петр “Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ” гэв (Үйлс 5:30).

Энэ гурван тохиолдлоос харахад Петр иудейчүүдийг Христийн загалмайгаар буруутгадаг байв. “Та нар Аврагч Эзэн Хаан Есүсийг цовдлуулан алуулсан! Энэ буруу замаасаа эргэгтүн!” гэж тэднийг буруушаан зэмлэжээ.

Корнелийн гэрт Петр сайн мэдээгээ тунхаглахдаа загалмайг бас л энэ өнцөгөөс ярьсан. Тухайлбал: “Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд [Есүсийн] хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, бүх ард түмэнд бус, харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов. Тэр бол амьдын хийгээд үхсэний Шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм” (Үйлс 10:39-42).2

Хожим Петр хоёр захидал бичээд загалмайг ганц л удаа “мод” гэсэн үгээр дурдсан (1 Петр 2:24). Бусад элч апостолоос зөвхөн Иохан загалмайг нэг удаа дурдав. Үүнд: “Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын… Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ” (Илчлэл 11:8). Иерусалимыг “Содом ба Египет” гэж нэрлэсэн нь “асар их нүгэл, ёрын бузар гэм” бөгөөд “дарлал боолчлол, зовлон зүдгүүр”-ийг бодогдуулна. Энэ нь Их Эзэнийг цовдолсон явдлыг мөн сайн тодорхойлно (Эхлэл 13:13; 2 Петр 2:6; Гэтлэл 2:23, 3:7).

Аврагч Хаанаа гутамшиг болгосон загалмай нь Түүнд итгэсэн иудейчүүдийн хувьд үнэхээрийн ичмээр зүйл (Еврей 6:6). Тэд лав хэзээ ч хүзүүндээ загалмай зүүж гоёхгүй байх.
Итгэгч израилчуудын хувьд Есүс “ертөнцийн нүглийг зайлуулах Бурханы Хурга” болж “нядлуулан” байж “үнэт цусаар”-аа хүмүүсээ ариусгаж аварсан нь ойлгомжтой (Иохан 1:29; Илчлэл 5:6; 1 Петр 1:19; Еврей 13:12). Энэ талаар Хуулийн дагуу тахих ёстой олон өргөлийн мал үлгэр загвар нь болсон. Гэхдээ тахилын амьтныг хэзээ ч загалмай дээр цовдолж, аймшигтайгаар зовоодоггүй байсан учраас тэд Загалмайн учрыг ойлгосонгүй.3 Есүс яагаад заавал Загалмай дээр ингэтлээ их зовох ёстой байсан бэ?

Загалмайн тэр нууц утга учрыг агуулсан цоо шинэ сайн мэдээг Их Эзэн Паулд өгсөн (1 Коринт 2:7-8). Загалмайгаар дамжин Ертөнцийн Эзэн гэм нүглийг ялласнаар гэм ба үхлийн асуудлыг нэгмөсөн шийдсэн (Ром 8:3). Христийн Загалмай нь Ертөнцийн Эзэний зөв шударга, хэмжээлшгүй хайр ивээл, агуу их хүч чадал болон мэргэн ухааныг илчилсэн учраас Паул хэзээ ч хүнийг загалмайгаар буруутгаж байгаагүй. Харин ч загалмайгаар бахархдаг. “Би бидний Эзэн Есүс Христийн загалмайнаас өөр юугаар ч үл сайрхана” гэжээ (Галат 6:14). “Загалмайн тухай үг нь… Бурханы хүч мөн” учраас Паул үндэстнүүдийн дунд “Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм” (1 Коринт 1:18, 2:2). Хаа явсан ч Паул хүмүүст Есүс Христийн загалмайд цовдолсон зургийг харуулах мэт тус явдлыг дүрслэн ярьдаг байсан (Галат 3:1).

Гэвч цовдлогдсон Христийг тунхаглах нь иудейчүүдэд “бүдрүүлэх саад” болдог. Тэд Машиах Аврагчаа ялгуусан Чөлөөлөгч мэтээр ирнэ гэж төсөөлдөг байсан учраас Есүс модон загалмайд өлгөгдөн Хуулийн хараал хүртэж үхсэн нь тэднийг “бүдрүүлдэг”.4 Ихэнх иудейчүүд Есүсийг Аврагчаа гэж хүлээн авч чадсангүй. Тэд өнөөг хүртэл Түүнийг голж, загалмайг нь жигшдэг.

Мэргэн ухааныг эрхэмлэдэг грекчүүдэд болохоор “загалмайд арчаагүй өлгөгдсөн хүн дэлхийг аварна” гэсэн зар тэнэг мунхаг санагдсан. Харин “дуудагдсан хүмүүст” загалмай дээр цовлогдсон Христ “Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн” (1 Коринт 1:22-24).

Дээрх хүснэгтээс Христийн загалмай буюу мод, Түүний цовдолсон тухай хаана хэдэн удаа дурдагдсныг харж болно (тус түүхэн явдлыг өгүүлсэн 4 тэмдэглэлийг орхив). 12 элч нар яриа юмуу захидалдаа “загалмай” гэсэн үгийг нэг ч дурдаагүй нь нэг бодлын гайхмаар. Нөгөө талаар Хаанчлалын тухай сайн мэдээнд нь Христийн загалмай ордоггүй гэж анзаарвал ойлгомжтой болно.

3. Уучлал биш, цагаатгал

Хаанчлалын тухай сайн мэдээнд Их Эзэний уучлал өршөөл хүртэх нь нэн чухал. Хаан Өөрөөс нь урвасан хүний ялыг уучилж буюу эдлүүлэлгүй өнгөрөөх нь тус хүний ганц найдвар. Гэтэл Хааны тавьсан шаардлагаар иргэд нь бие биенийхээ алдааг бас өршөөн уучлах ёстой (Матай 6:14-15; Марк 11:26). Эс тэгвээс Хаанчлалд орно гэж байхгүй. Улмаар, Хааны өршөөл хүртсэн хүн тэнсэн харгалзах байдлаас гаралгүй, өөрийгөө уучилбал зохих хүн мөн болохоо баталсаар байх ёстой. Эс тэгвээс Хаанаас авсан өршөөл цуцлагдах аюултай (Матай 18:35). “Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг” хэмээн Есүс анхааруулсан (Матай 7:19). Дуулгаваргүй байж, сайн үйлс хийхгүй хүн Хаант улсаас хасагдана гэсэн үг. Энэ нь Петрийн сайн мэдээг болзолтой болохыг бас тод харуулна.

Харин Паулын зарласан сайн мэдээ нь хүний хийх ёстой зүйлийн тухай биш, харин Ертөнцийн Эзэний Хүүгийн хийж өгсөн зүйлийн тухай (Ром 1:4). Загалмайн үхлээрээ Тэрээр бидэнд уучлал биш, харин “зөвтгөл” буюу цагаатгалыг авчирсан (Ром 3:20-24+28, 4-р бүлэг). Энэ бол шүүх дээр хэрэглэгддэг үг. Шүүгч хүнийг хэзээ ч уучлах ёсгүй, гэтэл баримтын үндсэн дээр цагаатгаж болно. Хүнийг цагаатгахдаа хэрэг нь ял хүртэх ёсгүй гэж шийднэ. Улмаар, цаашид тэр хүнийг тэр хэргээр хэзээ ч дахин буруутгахын ёсгүй. Өөрөөр хэлбэл, ертөнцийг Шүүгч Эзэн Загалмайн үндсэн дээр хүн төрөлхтөнийг ямар ч гэм буруугүйд буюу “зөвд” тооцоход бэлэн (Ром 3:23-24). Загалмайд Есүс хүний бүх гэм нүглийг Өөртөө авч, шийтгэлийг нь эдэлсэн учраас тэр. Загалмай нь Ертөнцийн Эзэний зөв шударгыг илчилдэг гэж Паул баталсан (Ром 3:25-26). Яаж тэр вэ? Уг нь гэмгүй хүн буруутай хүний шийтгэлийг эдлэх нь шударга биш. Гэтэл Ертөнцийн Эзэний Хүү биднийг бүтээсэн билээ (Колоссай 1:16). Тэрээр биднийг үхлийн ноёрхлын дор орж, гэм нүгэл үйлдэхээр бүтээсэн. Өөрийн бүтээлийнхээ төлөө Есүс хариуцлагыг үүрч, хүний шийдэж чадаагүй гэм ба үхлийн асуудлыг шийдэж өгсөн нь шударга юм.


Христийн Загалмайгаар нэгэнт цагаатгагдсан, зөвтгөгдсөн хүн төрөлхтөнтэй Ертөнцийн Эзэн эвлэрсэн гэсэн үнэн гайхалтай мэдээг Паул дэлгэрүүлдэг байсан (2 Коринт 5:14-19). Ертөнцийн их Эзэн хүмүүстэй сайндахыг хүснэ! Энэ талаарх “эвлэрлийн үг”-ийг Паул элчин сайд мэтээр тунхаглан, хаа сайгүй хүмүүсийг өөрсдийн талаасаа “Бурхантай эвлэрцгээ!” хэмээн уриалжээ (2 Коринт 5:21). Энэ сайхан мэдээ үнэхээр бүгдэд зориулсан!

“Загалмайн тухай үг”-энд итгэсэн хүн одоо ч Ертөнцийн Эзэний “зөвт байдал”-ыг хүлээж авдаг. Түүний өмнө гэм буруугаас салснаа мэдсэн итгэгч эрх чөлөөтэй болдог. Тийм итгэгчийн хувьд цаашид юу ч ял болохгүй (Ром 8:1). Дээр нь “эвлэрлийн үг”-ийг хүлээж авахаар Ертөнцийн Эзэнтэй эвлэрч амар сайхан харилцаатай болж, Түүнд итгэлтэйгээр ойртож, “Аав аа” гэж дуудах эрхтэй болдог (Ром 5:1; Галат 4:6, Ром 8:15). Ер бусын Аав маань үнэхээр бидний төлөө учраас хайр ивээлээ биднээс хэзээ ч татахгүй (Ром 8:31). Биднийг дайсан нь байхад Ертөнцийн Эзэн Хүүгээ өгсөн бол одоо Хүүгээ дахин амилуулаад биднийг дүү нар нь болгосны дараа биднийг таалан үзэх нь бүр ч лавтай (Ром 5:10; 8:29)!

Ертөнцийн Эзэний энэхүү хайр ивээлийн сайн мэдээнд итгэсэн бид Христийн ачаар аль хэдүйн шинэ бүтээлд хамрагдах “ариун хүмүүс”-т тооцогддог учраас мэдээж үүнд таарсан амьдралаар замнавал зохино. Гэхдээ Паулын дамжуулсан сайн мэдээнд итгэгч бидний зөв амьдарсан, амьдраагүй, сайн үйлс гаргасан, гаргаагүй зэргээс аврал маань огтхон ч шалтгаалахгүй. Аврал маань алдагдахын аргагүй бат бөх юм.


Дээрх хүснэгтийг үзвэл еврейчүүдэд хандсан ном захиа ялангуяа уучлалын (G863, G859) тухай гардаг бол Паул голдуу зөвтгөл (G1344, G1347), зөвт байдал (G1343) болон эвлэрлийн (G604, G2644, G2643) тухай бичсэн нь илэрхий.

Дүгнэж хэлэхэд, Паулын хүлээж авсан сайн мэдээ нь үнэхээр Хаанчлалын сайн мэдээнээс эрс өөр болох нь зарим чухал онцлогоос нь тодорхой харагдсан. Тус сайн мэдээ хүний хийх зүйлийг авч үзэхгүй, харин Христийн загалмай дээр хийсэн агуу их үйлийг зонхилдог. Христ загалмай дээр гэмийг маань авч хаяад оронд нь бидэнд зөвтгөл (цагаатгал) авчирсан учраас бид Ертөнцийн Эзэний өмнө буруутгахааргүй зөв хүнд тооцогддог болсон. Улмаар, Ертөнцийн Эзэн биднийг нэгэнт зөв хүн гэж хардаг болсноос хойш бидэнтэй сайндах саадгүй болсон. Түүнтэй бид өөрийн зүгээс ч эвлэрсэн харилцаанд орохдоо гэр бүлд нь багтдаг. Хэмжээлшгүй их хайр ивээлийг нь хүртэхийн тулд бид юу ч хийж чадаагүй. Нөгөө талаар Түүний бидэнд өгсөн тааллыг бид яасан ч устгаж чадахгүй.
Иймд аврал маань биднээс шалтгаалахгүй, зуун хувь Христийн Загалмайн үндсэн дээр тогтоно.
Ийм гайхалтай сайхан мэдээг бидэнд илгээсэн Их Эзэндээ сэтгэлийн гүнээс талархъя!


Дараагийн нийтлэлдээ үндэстнүүдээс бүрдэх, Христийн гайхалтай Биеийг авч үзэх болно. Онцгой сайн мэдээг хүлээн авч, тус Биед багтсан хүн бүхэнд онцгой тэнгэрлэг хувь заяа ч бий.

Ашигласан эх сурвалж

—Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Энэ судалгаанд АБ гэж товчилсон. Өөрөөр тодорхойлоогүй бол «Шинэ гэрээ»-ний ишлэлийг энэ орчуулгаас авсан байх болно.
Библи (2015). Улаанбаатар : Монголын Библийн Нийгэмлэг. Энэ судалгаанд ББ гэж товчилсон.
—Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Энэ судалгаанд СМО гэж товчилсон. Өөрөөр тодорхойлоогүй бол «Хуучин гэрээ»-ний ишлэлийг энэ орчуулгаас авсан байх болно.

—Schaff, P. (1885). Ante-Nicene Fathers, Vol. 1. https://ccel.org/ccel/schaff/anf01/anf01.ix.vi.xi.html

—Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible (with Greek and Hebrew Lexicons). www.blueletterbible.org

1Дашрамд хэлэхэд, “гэмших” гэсэн орчуулага буруу ойлголтод хүрч мэднэ. Мongoltoli.mn-ын дагуу, “гэмших” гэдэг нь “гэмээ мэдэн харамсах” гэсэн үг бөгөөд “буруугаа гэмших” гэдэг нь “буруу үйл хийснээ мэдэх” гэсэн утгатай. Хүн гэмшихдээ буруугаа мэдээд сэтгэл өвдөж гашуудна. Гэмших нь сэтгэлийн хөдөлгөөн гэсэн үг. Харин Петрийн хэлсэн грек үг голдуу “буруугаа ухамсарлан бодлоо өөрчлөх” бөгөөд үр дүнд нь буруу замаасаа эргээд зөв явахыг хэлнэ.

2Яг хэлэхэд, Петр “загалмай” биш, “мод” гэдэг. Паул ч гэсэн “Израилын эрчүүд”-эд Есүсийн нас барж дахин амилсны тухай ярихдаа “мод”-ыг дурдав (Үйлс 13:16, 29). Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Мосегийн Хуулийн дагуу “цаазлуулбал зохих гэм нүгэл үйлдсэн хүнийг модонд өлгөх ёстой” (Дэд хууль 21:22). Өстөн дайснаа ч модонд өлгөдөг байв (Иошуа 8:29, 10:26; Eстер 2:23). Үүгээр ч барахгүй, “”Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг” (Галат 3:13, Дэд хууль 21:23). “Та нар Есүсийг модонд өлгөж алсан” гэж хэлэхдээ Петр иудейчүүдийг өөрсдийн Аврагчдаа гэмт хэрэгтэн, өстөн дайсан бөгөөд Ертөнцийн Эзэнд хараагдсан хүн мэтээр хандаж хамгийн аймшигтай гэм хийснийг тэр ганц үгээр буруутгажээ.

Иренеус зэрэг сүмийн зарим эцгүүдийн үзлээр энэ үг бас зөгнөлийн чанартай. Тухайлбал: “Израилыг анх үүсгэн байгуулж бүтээсэн… Бурханы Үг модонд өлгөсөн байхад тэд Түүнд итгэхгүй байх болно гэдгийг эрт дээр үед Бичвэр хэлсэн байна. Үүнд: “Амь амьдрал чинь чиний нүдний өмнө өлгөөтэй байх бөгөөд чи өөрийн амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.” (Дэд Хууль 28:66, бидний орчуулга)

3Тахилын амьтны цусыг бүхлээр нь гоожуулах ёстой (Левит 5:9). “Бие махбодын сэтгэл цусандаа байдаг” (Левит 17:11), өөрөөр хэлбэл юм мэдрэх, мэдэх чадвар нь махбод дотор цус эргэлдэн гүйхээс шалтгаална. Хамаг цусаа алдсны дараа тахилын амьтад өвдөлт ч мэдэрдэггүй, юу болж байгаа ч мэддэггүй. Иймд “Христийн цус” Түүний эдэлсэн зовлонг дүрсэлдэг. “Хүн бол амьд сэтгэл” гэсэн судалгааг маань үзнэ үү.

4“Бүдрүүлэх саад” гэсэн үг грекээр скандалон (G4625) бөгөөд энэ нь “урхи” гэсэн утгатай. Үүнээс английн “scandal” буюу “дуулиан” гэсэн үг гаралтай. Христийн Загалмай бол иудей нийгмийг цочирдуулсан дуулиан мөн.