Skip to content

Үхлийн тухай Библи юу гэж өгүүлдэг вэ?

Эргээд ирээч, ИАВЭ!
Амийг минь хамгаалаач.
Энэрэл журмаа бодож намайг авраач.

Үхдэл болчихвол яахан Таныг дурсах билээ?
Үхэгсдийн орноос хэн Танд талархах билээ?”

(Дуулал 6:4-5)

Израилын хамгийн алдартай хаан болох Давидын энэ үгийг уншихдаа та над шиг цочсон уу? Давид бол Мөнхийн Эзэний “зүрх сэтгэлд нийцэх хүн” мөн (1 Самуел 13:14). Мянга жилийн дараа буюу Есүс Христийг энэ дэлхий дээр байх үед ч иудейчүүд Давид хааныг мөн Ертөнцийн Эзэний “сэтгэлийн дагуух хүн” гэдгээр санан дурсаж байв (Үйлс 13:22).
Тийм байхад Давид хаан яагаад нас барсныхаа дараа Мөнхийн Эзэнийг санахгүй, Түүнд талархахгүй гэж хэлсэн юм бэ?

Давидын бас нэгэн гуйлтыг уншъя (Дуулал 30:9):

Аяа ИАВЭ, Таныг би дуудлаа.
Ая тааллыг Эзэнээс би эрлээ.
Нүх рүү одлоо гээд үхлээс минь ашиг юун!
Шороо тоос нь Танд талархах биш дээ!

Сэтгэлийн тань үнэнчийг тунхаглах ч биш.”


Еврей хэл уран дүрслэлийн үг хэллэг ихтэй. Энд “шороо тоос” гэсэн нь “газар шороонд булагдсан буюу үхсэн хүмүүсийг” хэлж байгаа нь хам сэдвээс тодорхой (СМО-ын тайлбарыг үзнэ үү). Нас барсан хүн Мөнхийн Эзэнд талархдаггүй гэнэ. Амьсгал хураасан хүн Түүний юутай үнэнч болохыг бусдад ярьж өгдөггүй гэнэ. Энэ үгс Давид хааны амнаас гараад зогсохгүй, Ертөнцийн Эзэний Үгийн хэсэг болж мөнхөрсөн шүү дээ.

Тэгвэл энэ үг ямар учиртай вэ?

Давид хаан нас барсныхаа дараа тэнгэрийн улсад орж, хамгаас их хайрт Эзэнтэйгээ нүүр тулан уулзаж, Түүнийгээ өмнөхөөсөө ч илүү ихээр магтахгүй гэж үү? Тийш очиж, өөрөөс нь өмнө өнгөрсөн хайртай аав ээжтэйгээ уулзаж, Абрахам, Мосе, Иошуа зэрэг алдартай өвөг дээдэстэйгээ танилцахгүй гэж үү? Тэдэнтэй Их Эзэний үнэнч сэтгэлийн тухай ярилцахгүй гэж үү?
Үгүй ээ, Давид хаан тэнгэрийн улсад очоогүй.
Үүнийг баттай хэлж болох шалтгаан бий. Үүнд: “Хүний Хүүгээс [=Есүсээс] өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй” гэж Есүс Их Эзэн Өөрөө хэлсэн учраас тэр (Иохан 3:13).
Дээр нь апостол элч Петр иудейчүүдэд Христийн үхлээс амилж, тэнгэр өөд одож, тэнд “Бурханы баруун гарт өргөмжлөгд”-сөн тухай ярихдаа Давид хааныг тэнгэр өөд яваагүйг онцлон хэлсэн. Ингэхдээ:

Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. () тэнгэрт гарсан нь Давид биш гэжээ (Үйлс 2:29+34).

Тэгвэл Давид хаан одоо хаана байгаа вэ?

үргэлжлэл…