Skip to content

Хүн гэж юу вэ?

Хүнийг анх Бүтээгч Эзэн бүтээсэн гэдэг нь итгэгчдийн дунд ямар ч маргаангүй сэдэв. Гэвч хүний бүтцийн талаар философичид болон теологичид олон зууны турш маргасаар ирсэн. Нэг хэсэг нь хүнийг материаллаг ба материаллаг бус хоёр хэсгээс бүрддэг гэж үздэг бол нөгөө хэсэг нь “үгүй, хүн гурван хэсгээс буюу махбод, сэтгэл (aнгли: soul), амин сүнс (aнгли: spirit) гурваас бүрддэг” гэж үздэг.

Уг нь Бүтээгч Эзэн Адамыг бүтээсэн түүхэнд энэ маргааны тайллыг тов тодорхой өгүүлсэн байдаг. Үүнд:

“Бурхан ИАВЭ хөрс шороогоор хүмүүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээхэд хүн амьд бодгаль болжээ” (Эхлэл 2:7, СМО).

Энэ ишлэлийн дагуу хүний махбод энэ дэлхийн хөрс шороогоор бүтээгдсэн (мөн 1 Коринт 15:47-г үзнэ үү).

Тиймээс бид өнөөдөр ч махбодоо хөрс шорооны бүтээгдэхүүнээр тэжээдэг (үүнд өвс иддэг малын мах ч гэсэн орох нь тодорхой).

Энэ ишлэлээс харахад хүний махбод их чухал. Амь ороогүй биеийг нь “махбод” гэж нэрлээгүй, харин шууд “хүн” гэсэн. Бие нь тэр хүн өөрөө. Тиймээс нас барсан Есүсийг шинэ хадан булшинд оршуулсан тухай ишлэл дээр Түүний “шарилын” тухай яриагүй, харин “Есүсийг [буюу Өөрийг нь] тэнд тавьжээ” гэсэн (Иохан 19:40-42).

Харин амь нь Бүтээгч Эзэнээс ирсэн. Амьсгалаа бид өнөөдөр ч тэнгэрийн агаараас авна. Амин амьсгалыг Бүтээгч Эзэн хүний хамраар үлээж оруулсан. Хүний биед салхи мэт орсон амийн хүчийг Библид мөн “сүнс” гэдэг.


“Сүнсгүй бие үхмэл” билээ (Иаков 2:26; мөн Дуулал 104:30-г үзнэ үү). Тийм ч учраас “амин сүнс” гэсэн монгол хэллэг учиртай. “Сүнс” гэдэг нь “амь” гэсэн утгатай учраас тэр юм. Хүний амь Бүтээгч Эзэнээс гаралтай болохоор “хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” (Матай 4:4). Есүсийн бидэнд “хэлсэн үгс бол сүнс ба амь билээ” (Иохан 6:63).
Дээрх ишлэлийг арай өөр орчуулгаар дахин уншъя: “Бурхан ИАВЭ хөрс шороогоор хүмүүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээхэд хүн амьд сэтгэл болжээ” (Эхлэл 2:7; АБ2019: “амьд бодгаль”, АБ2013: “амьд биет”, АБ2004: “амьд оршигч”).

Хүний махбод, амин сүнс нэгдсэн байх үед хүн “амьд сэтгэл” юм. Сэтгэл бол махбод, сүнс хоёр нийлсний үр дүн. Сэтгэл гэгч зүйл хүнд байхгүй, хүн “сэтгэл бүхий амьтан” биш, Библийн дагуу хүн өөрөө сэтгэл билээ.
Амийн амьсгал ороход хүнд ухаан сэхээ нь орж юмыг харж, сонсож, мэдэрч, үнэрлэж чаддаг болсон. Энэхүү үр нөлөөг Библид “сэтгэл” гэж нэрлэдэг. Сэтгэл бол таван мэдрэхүйгээр мэдрэх чадвар бөгөөд махбодод орсон амийн хүчний илрэл юм.

Бичвэрийн дагуу “махбодын сэтгэл нь цусандаа байдаг” (Левит 17:11; АБ: “амь” гэсэн нь буруу!). Гар юмуу хөл хэт чанга бооход цус нь гүйхээ больж тэр хэсэг мэдээгүй болдог. Толгой тархи руу урсах цусны хэмжээ огцом багасахад хүн ухаан алддаг. Цусний эргэлт нь мэдээ, мэдрэлтэй байх нөхцөлийг бий болгодог. “Сэтгэл” буюу “ухаан сэхээтэй байх” нь цустай шууд холбоотой учраас тэр. Үүнээс гадна, ухамсарт сэтгэл нь махбод, сүнс хоёрын нэгдэл болох нь цуснаас мөн харагддаг. Цус нь нэг талаар хөрс шорооноос үүдэлтэй хоол тэжээл ба нөгөө талаар амьсгалаар авсан хүчил төрөгч хоёрыг махбодод байнга тарааж амьд байлгадаг.

Махбодын цусны эргэлтийн системийн төв нь цээжинд цохилох зүрх юм. Сэтгэлийн төвийг Библид мөн адил “зүрх” гэдэг. Монголоор “зүрх сэтгэл” гэдэг нь учиртай. Зүрх сэтгэл бол хүний сэдэл эрмэлзлэл үүсэх, шийдвэр гаргах бодол санааны төв юм (Еврей 4:12).

Бие махбод, амин сүнс, сэтгэл гурвыг зурагтаар дүрсэлж болно. Махбод нь телевизорын аппарат мэт, амин сүнс бол эрчим хүч өгдөг цахилгаан мэт. Тогийг зурагтанд залгахаар дэлгэцэнд “мэдээ ордог”. Тэр бол “сэтгэл” мэт.
Эсвэл энд зулыг жишээ болгон авч үзье.

үргэлжлэл…