Ариун бичвэрүүдийн дагуу Бүтээгч Эзэнтэй хамт алхдаг байсан хүмүүс нас барсныхаа хойно Түүнийг магтдаггүй, санадаг ч үгүй, ер нь юу ч мэдэхгүй, бас мэдрэхгүй. Хүн бол махбод, амин сүнс хоёроор бүрдсэн “амьд сэтгэл” бөгөөд махбод, амин сүнс хоёр үхлээр салахад юм мэдэрдэг, сэхдэг сэтгэл нь үгүй болдог учраас тэр. Амсьгаа хураасан хүн “Үхэгсдийн орон”-д буюу булшинд нойрсох мэт хэвтнэ. Хүн бүр үхээд байдаг шалтгаан нь өвөг эцэг Адамаас өвлөж авсан “төрөлхийн үхэл” юм. Харин сайхан мэдээ нь болохоор үхэл бүх юмны эцэс биш. Биднийг гэм ба үхлээс аврах Аврагч Эзэн бий. Есүс Христ загалмай дээр гэм ба үхлийн асуудлыг нэгмөсөн шийдвэрлэсэн. Энэ бүхнийг бид өмнөх хэдэн нийтлэл дээрээс олж харсан.
Гэвч хэцүү юм нь, хүний сэтгэл үхэшгүй мөнх байдаг гэж бид багаасаа сонссон. Монголчууд лав үхэгсдийг “өөд болсон”, “бурхан болсон” гэж ярьдаг. Бас нас барсан хүний сэтгэл шинэ бие махбодод шилжин орж, хойд амьдралтай болдог гэж олон хүн боддог.
Харин Есүст итгэдэг хүмүүс бидэнд “итгэгч хүн нас барахдаа шууд л мөнхийн улсад явж Есүстэй уулзана” гэж заалгасан. Гэвч энэ нь Бичвэрүүдийн сургаалтай нийцэхгүй нь тодорхой.
Тэгвэл хүний сэтгэл мөхөшгүй гэсэн ойлголт хаанаас үүсэн, Христитгэлд хэрхэн орсон юм бэ? Ийм ойлголттой явдагаас болж Библийн үнэн сургаалыг ойлгож авахгүйн улмаас үнэмшихгүй байх нь ямар үр дагавартай вэ? гэсэн асуултын зарим хариуг энэ нийтлэлд танилцуулах болно.
Христитгэлд ихэд нөлөө үзүүлсэн эртний грек шашнаас эхэлье. Грекчүүд сэтгэлийг үхэшгүй мөнхийн зүйл, харин хүний бие махбодийг сэтгэлийг хорьдог “шорон” гэж үздэг ажээ. Үхлээр тэр шоронгоосоо чөлөөлөгдөн хальж одох сэтгэл хаа нэг газар очоод орших ёстой нь ойлгомжтой. Иймд Үхэгсдийн орон грекчүүдийн үзлээр жаргах ба тамлагдах хоёр хэсэгтэй бодит газар аж.
Агуу Александрийн зүтгэлээр грек соёл дэлхийд дэлгэрэхэд олон иудейчүүд хүртэл грек хэлтэй, грек соёлтой болсон. Грек дэлхий үзэх үзэл ч тэдэнд нөлөөлсөн гэсэн үг. Ямартай ч иудей шашны бүлэг болох фарисайчууд үхэшгүй сэтгэлийн очдог хоёр тасагтай Үхэгсдийн орны тухай грекчүүдийн “гүн ухаан”-ыг өөрийн сургаал болгосон.
Дараа нь Христийн сүм үүсч, хэдэн зуун жил болсны дараа зарим нь мөн адил Платоны гүн ухааныг Библийн сургаалтай хольж хутгаад, сэтгэлийн үхэшгүйг Католик сүмийн теологид оруулсан нь мөн түүхийн баримт. Католик сүм Үхэгсдийн орны хоёр тасгийг тэнгэр ба там гэж нэрлэв. “Дуулгавартай хүмүүс нас барахдаа тэнгэрийн жаргалд орно, харин дуулгаваргүй муу хүмүүс тамд очиж мөнхөд тамлагдана” гэж заадаг болжээ. Протестантууд олон католик онол сургаалыг эсэргүүцсэн боловч, үхэшгүй сэтгэл нэг бол тэнгэрт, нэг бол тамд орох тухай онолыг даанч өвлөн авчээ.
Уг нь Ертөнцийн Эзэний үг еврей хэлээр сэтгэлийн үхэшгүйг дэндүү тодорхой үгээр үгүйсгэдэг. Үүний бас нэгэн жишээ: “ЭЗЭНий үг надад ирж, «…Нүгэл үйлддэг амь [еврей: сэтгэл] үхэх болно»” гэжээ (Езекиел 18:1,4; жич: амьтан үхэх болохоос амь өөрөө үхнэ гэж байхгүй, еврей эх нь зөв).
Үхэх сэтгэлд үхэшгүй чанар алга гэж хэлэх шаардлагагүй биз ээ. Мөн:
“Ноёдод, авралгүй хүний хүүд бүү итгэ.
Сүнс нь гарч явах үед тэд газар шороо руу буцдаг.
Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг юм…” (Дуулал 146:3-4; АБ)
Хүний сэтгэл нэгэнт үхээд бодлууд нь мөхөх учраас аймшигтай газар явж, тарчлан шанална гэж байхгүй гэсэн үг. Ганц үлдсэн асуулт: Их Эзэний тодорхой үгэнд бид итгэх нь зөв үү, бодол санаа нь устан үхэх тавилантай хүнд итгэлээ өгөх ёстой юмуу?
Хариу нь итгэгч хүний хувьд тодорхой…