Баян хүн Лазар хоёрын тухай өгүүллэг III
Хам сэдвийг нь судлахад: Фарисайчуудад ярьсан сургаалт зүйрлэл
Үхлийн дараах сэдвийн талаар янз бүрийн зөрчилтэй ойлголтууд итгэгч нар, пасторууд, теологчдын дунд элбэг байдаг нь маш эмгэнэлтэй. Ингэж төөрөх нь шилжсэн утгаар ойлгох ёстой зүйлийг шууд утгаар, шууд утгаар ойлгох ёстойг шилжсэн утгаар хөнгөн хуумгай хүлээж авдгийн үр дагавар юм. Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэгийг хүмүүс ихэвчлэн тэр урвуу байдлаар ойлгодог. Гэвч тус өгүүллэг түүхэн явдал байх боломжгүйг бид өмнөх хоёр нийтлэлээс харсан. Харин үхэл ба Үхэгсдийн орон тухай олон ишлэлийг шууд утгаар ойлгох нь утга учиртай.
Энэ нийтлэлд бид тус өгүүллэгийн учрыг ойлгох гэж юуны өмнө хам сэдвийг нь буюу эргэн тойронд нь буй “хүрээлэл”-ийг нь судлах болно.
Буруу сургаалыг хүмүүс Библийн ишлэлээр нотлодог бол анх сонсоход
үнэмшилтэй юм шиг санагдана. Гэвч гаж сургаалыг батлахаар татсан ишлэлийг ихэвчлэн хам сэдвээс нь гарган салж, өөр утгатай болгосон байдаг. Тиймээс ч “Библийн ямар ч хэсгийг зөв ойлгохын тулд хам сэдэвтэй нь үзэх ёстой” гэсэн чухал зарчим бий.
Үүний тулд бид судалж буй хэсгийнхээ хам сэдвийн талаар асуулт асуух хэрэгтэй. Тухайлбал:
-Уг хэсэг ямар орчин тойронд, ямар явдлын дунд шигтсэн вэ?
-Хэлэгдэж буй үгийг хэн, ямар нөхцөл байдлаар, хэнд ярьсан бэ?
-Ямар нэгэн маргаан зөрчилдөөн дунд гардаг уу? -Тухайн хэсгийн оргил хэсэг, гол санаа нь юу вэ? -Анхны сонсогчид нь үүнийг хэрхэн ойлгох байсан бэ? -Энэ хэсгийг Библид оруулсны зорилго чухам юу вэ? -Библийн ерөнхий сургаалд хэрхэн багтдаг вэ? Ялангуяа шууд ойлгоход хэцүү хэсэгт ийн асуух нь чухал байдаг. Харамсалтай нь, ялангуяа баян хүн, ядуу Лазарын тухай заахдаа хам сэдвийг нь огт авч үздэггүй байх нь элбэг.
Нэгэн сургаалт зүйрлэлийг бүрдүүлсэн таван үлгэр
Тус өгүүллэг Лук 16:19-31-т гардаг. Тэрнээс өмнө Лук юу гэж бичсэнийг харцгаая. Лукын өгүүлснээр Есүс маш олон гайхамшиг хийж, Ертөнцийн Эзэний илгээхээр
амалсан Тосолсон Нэгэн мөн болохоо ахин дахин баталсан боловч иудейчүүдийн удирдлага болох ахлах тахилч нар ба фарисайчууд Түүнийг хүлээж авсангүй. Тэд Есүсийн хэлсэн нэг ч үгэнд итгэхээс татгалзаж, Түүнд дургүйцэн, тэр ч бүү хэл Түүгээр доог тохуу хийдэг байсан (Лук 16:14). Фарисайчуудын нэгэн удирдагч Есүсийг “нягтлан ажиглах” гэж иудейчүүдийн шаббат гэдэг амралтын өдөр гэртээ хоол идэхээр урьсан (Лук 14:1). Тэнд байхдаа Есүс аврах нь хэр чухал байх (14:2-5), даруу байх (14:8-11), ядуу, тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг чухалд үзэх тухай тэдэнд ярьсан (14:13, 21).
Тэгээд гадаа нь цугласан олонд үргэлжлүүлэн сургаал заахад албан татвар хураагч, “гэмт хүмүүс” Түүнийг сонсох гэж дэргэд нь ирсэн (14:25; 15:1). Тэднийг Есүс дуртайяа хүлээж авсанд фарисайчууд дургүйцэн “гэмт хүмүүс”-тэй нөхөрлөж байгаагийнх нь төлөө шүүмжилдэг (15:2).
Хариуд нь Есүс тэднийг зэмлэж, буруу ойлголтыг нь засах гэж мөн “нэгэн сургаалт зүйрлэл айлдав” (Лук 15:3). Үүнд төөрсөн хонины тухай сургаалт үлгэрээс гадна гээсэн зоос, тэнэмэл хүүгийн тухай өгүүлэл багтна. Түүгээр ч зогсохгүй, 16-р бүлэгт зальт даамлын тухай өгүүллэг ч гэсэн сургаалт зүйрлэл болох тал дээр итгэгчид бүгд санаа нэг байх. Энэ дөрвөн сургаалт үлгэрийн дараа Есүс баян хүн, ядуу Лазар хоёрын тухай ярьсан.
“Хоёр хүүтэй нэг хүн байжээ…” (15:11) гэж эхэлдэг 3- р сургаалт зүйрлэлийг сүүлчийн хоёр өгүүллийн эхлэлтэй харьцуулбал: “Нэгэн баян хүн няравтай байжээ…” (16:1); “Нэгэн баян хүн байжээ…” (16:19). Бүгд ийнхүү яг адилхан маягаар эхэлдэг нь сүүлчийнх нь бусадтай адилхан сургаалт үлгэр мөн болохыг баталж байна. Энэ бүхнээс харахад, Есүсийн ярьсан таван өгүүлэл бол нэг л сургаалт зүйрлэлийн таван цуврал хэсэг болох нь ойлгогдож байна.
Есүсийн ярьсан бүх сургаалт зүйрлэл Түүний тунхагладаг Хаант улсын тухай болой. Иймд энэ таван өгүүллэл Хаант улсын чухал нэгэн үнэнийг алмазны гялтганах талст шиг хэд хэдэн талаас харуулсан бөгөөд бүгд нийлээд бүхэл бүтэн нэгэн зүйрлэлийг бүрдүүлдэг .
Жич: Лук бичсэн номоо бүлэг, ишлэлээр хуваагаагүйг бид санах хэрэгтэй. Stephen Langton хэмээх англи сүмийн нэгэн удирдагч 1227 оны орчим буюу Чингис Хааны үед л Библийг анх бүлэг болгон хуваасан байна. Ишлэлээр хуваасан нь бүр дараа нь болсон явдал («Хуучин Гэрээ»-г еврей багш Натан 1448 онд ишлэлээр хуваасан бол «Шинэ Гэрээ»-г Robert Estienne 1555 онд тэгэж хуваажээ).