Бидний тухай
Бид Есүс Христэд итгэж, амьдралын болон орчлон ертөнцийн үнэнийг Бичвэрээс хайж яваа хүмүүс.
«Хүн яагаад энэ дэлхийд байдаг вэ? Зүгээр нэг амьдраад өнгөрөх үү, эсвэл Бүтээгчтэйгээ харилцах учиртай юу? Энэ дэлхийд яагаад ийм их муу муухай байна вэ? Хайрт дотно хүмүүс маань нас барахдаа хаашаа явдаг вэ?» — Бид амьдралынхаа турш эдгээр асуултын хариултыг хайсаар ирсэн.
Хүмүүсийн байгуулсан сүм чуулганд тодорхой хугацаанд явж үзсэн ч чин сэтгэлийн асуултуудад маань хариулж чадаагүй. Мөн хүний гараар бүтсэн байгууллага Бүтээгч Эзэний агуу байдал болон гайхамшигт хайрыг бүрэн багтааж чадахгүйг бид ойлгосон юм.
Тиймээс асуултынхаа хариуг олохоор Библийг бие даан судлахаар шийдсэн. Судалгаандаа Библийн олон төрлийн орчуулга болон blueletterbible.org, Стронгийн конкорданс (Strong’s Concordance)-ийг түлхүү ашигладаг. Мөн Библийн эх бичвэр болох грек, еврей хэлийг суралцаж, тэдгээр эх бичвэрүүд бол Бүтээгч Эзэнээс бидэнд өгсөн баталгаатай илчлэл гэдэгт итгэдэг. Тэрхүү илчлэлийн гол цөм нь бидний Их Эзэн Есүс Христ бөгөөд Тэрээр удахгүй эргэн ирнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.
Бид Библийг хэрхэн тайлбарладаг вэ?
- Энгийн бөгөөд шууд утгаар: Эзэн бидэнд ойлгомжтой байлгахаар Үгээ өгсөн тул бид хам сэдэв, хэл зүй, логикийн дагуу шууд утгаар нь хүлээж авдаг.
- Дураараа “сүнслэгжүүлэхээс” зайсхийдэг: Библид яруу найраг, бэлгэдэл, үзэгдэл их бий. Гэвч бид дураараа тайлбарлахын оронд «Библийг Библиэр нь тайлбарлах» зарчмыг баримталдаг. Библийн хэсэг бүр эвлүүлдэг тоглоом шиг хоорондоо авцалдаж байж том зураглал нь тодорно.
Өнгөрсөн 10 гаруй жилийн турш олж мэдсэн зүйлсээ бид энэ сайтаар дамжуулан үнэнийг хайгч тантай хуваалцахыг хүслээ.
Бидэнд танаас шаардах зүйл юу ч байхгүй — гишүүнчлэлгүй, мөнгө гуйх хүсэлгүй, бидэнтэй заавал санаа нэгдэх албагүй. Ганц хүсэл маань: Та бидний бичсэнийг шууд зөвшөөрөх эсвэл шууд эсэргүүцэхийн оронд өөрийн биеэр Библиэс шалгаж үзээсэй гэж хүсэж байна. Цорын ганц үнэн зөвхөн Бүтээгч Эзэний Үгэнд л бий.
Та ч бас Мөнхийн Эзэний агууг олж мэдэн, Түүний олгодог бодит эрх чөлөөг амсах болтугай!