Үхлийг ойлгохын ашиг тус
Хураангуй
Үхэл бол сайн мэдээний үндсэн чухал хэсэг
Энэхүү судалгаа нь үхлийн тухай Бичвэрүүдийн үнэн болон хүний уламжлалт ойлголтын зөрүүг тодруулан тайлбарласан. Эртний уламжлалын дагуу нас барсан хүний сэтгэл үхэшгүй мөнх бөгөөд тэнгэрт эсвэл тамд очдог гэж үздэг. Харин Библийн дагуу:
- Амин сүнс нь Бүтээгч Эзэн рүү буцна
- Бие махбод нь хөрс шороонд буцна
- Сэтгэл (оюун мэдрэх чадвар) нь тэр өдөртөө мөхнө
- Нас барсан хүн амилах өдөр хүртэл ухаан мэдрэлгүй нойрсож буй мэт байна
Үхлийг ийм байдлаар ойлгох нь итгэгчийн амьдралд амин чухал ач холбогдолтой.
1. Үнэн биднийг айдсаас чөлөөлнө
“Үнэн та нарыг чөлөөлнө.” (Иохан 8:32)
Үхлийн тухай үнэнийг мэдэх нь хүнийг айдсаас чөлөөлдөг. Хүн үхлийн дараа аймшигт зүйл тохиолдоно гэж айдаг. Харин үхлийг нойрсон амрахтай төстэй гэж ойлговол үхлийн дараах айдсаас ангижирна.
Мөн үхэл ба амиллын үнэнийг хамтад нь ойлгох нь чухал. Үхсэн ч дахин амилах баталгаа бий гэдгийг мэдэх нь үгүй болох айдсыг намжаадаг.
Хайртай хүмүүс үхлээр амарч байгаа бөгөөд дараа нь дахин уулзах өдөр ирнэ гэдэг итгэл нь үлдэгчдэд тайвшрал өгдөг.
Мөн “нас барсан муу хүний сүнс ирж зовооно” гэсэн айдсаас чөлөөлөгдөнө. Үхэгсэд юу ч мэдэхгүй тул тэд ирж нөлөөлөх боломжгүй.
2. Үнэн биднийг хуурагдахаас хамгаална
“Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн… эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс” (Ром 1:18-22)
Үнэнийг мэдэх нь мэхлэлтээс хамгаалдаг (2 Тесалоник 2:10-11). Христийн сүмд хүртэл “сэтгэлийн үхэшгүй” гэх мэт олон буруу ойлголт оршсоор байна.
“нүгэл үйлдэгч хүн [еврей: сэтгэл] үхэх болно” (Езекиел 18:20)
Гэвч олон хүн “бие үхсэн ч сэтгэл мөнхийн тамд амьдарна” гэж итгэдэг.
Буддын шашинд дахин төрөл, бөө шашинд “өөд болж бурхан болдог” гэх мэт үзэл байдаг. Гэвч бүх үзэл зэрэг үнэн байх боломжгүй.
“Үнэн бол Бүтээгч Эзэнээр тодорхойлогдоно.”
“Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн!” (Ром 3:4)
“үхэгсэд юу ч мэддэггүй” (Номлогч 9:5)
“Сүнс дуудагчид, үзмэрчид дээр бүү оч. Тэдэн рүү хандаж бүү бузарт” (Левит 19:31, СМО)
Бүтээгч Эзэн Өөртөө татаж хураасан хүний амин сүнсийг хүн дуудна гэж байхгүй (Иов 34:14-15). Сүнс дуудлагад хариу өгч буй нь хүний сүнс биш, харин бузар сүнс байх боломжтой гэж тайлбарласан. Иуда 1:6, 1:14; Эхлэл 6:4; Тооллого 13:33; Исаиа 14:9 зэрэг ишлэлүүдээр нэфийлүүд болон муу ёрын сүнсний тухай тайлбарласан.
3. Үхэл бол аврагдахын тулд итгэх сайн мэдээний үндсэн хэсэг
“Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье… Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан…” (1 Коринт 15:1-4)
Есүс Христийн үхэл “Бичвэрийн дагуу” болсон. “Бичвэр” нь Хуучин гэрээг хэлнэ. Тиймээс үхэл гэж юу болохыг Хуучин гэрээний тайлбараар ойлгох шаардлагатай.
Есүс:
- Биеэрээ булшинд хэвтсэн
- Амин сүнс нь Ертөнцийн Эзэнд буцсан
- Сэтгэл нь “Үхэгсдийн орон”-д (үл орших байдалд) орсон (Лук 23:46; Үйлс 2:27)
“Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон…” “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” (1 Коринт 15:17-24)
Жинхэнэ үхэл болсон учраас жинхэнэ амилал болсон. Хэрэв хүн нас барангуутаа тэнгэрт шууд очдог бол дахин амиллын хэрэг байхгүй.
“Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдана.” (Ром 10:9)
“Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал…” (2 Коринт 13:5)
Иймээс үхэл ба амиллын тухай Бичвэрийн үнэнд итгэх нь авралын үндсэн нөхцөл юм.
Дүгнэлт
Үхлийн тухай Бичвэрийн үнэн:
- Айдсаас чөлөөлнө
- Хуурмаг сургаалаас хамгаална
- Сайн мэдээний мөн чанарыг зөв ойлгоход хүргэнэ
- Христийн үхэл ба амиллыг үнэнээр нь хүлээн авах боломж олгоно
Дараагийн нийтлэлд үхлийн үнэн ба амиллын найдварын тухай хамгийн эртний Бичвэрийн гэрчлэлийг авч үзэх болно.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”
Хэрэглэсэн эх сурвалж
Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.