Өмнөх нийтлэлд бид баян хүн, ядуу Лазар хоёрын тухай Есүсийн ярьсан өгүүллэгийг авч үзэж эхэлсэн. Ихэнх итгэгчид энэ өгүүллэгийг болсон явдал бөгөөд там ямар байхыг бодитойгоор хэлж өгдөг гэж ойлгодог. Ер нь энэ өгүүллэг тамын бодитойг нотлох хамгийн том баталгаа ч гэж үздэг.
Нэгэнт энэ ойлголт түгээмэл учраас бид тус өгүүллэгийг яг л бодит түүхэн явдал гэж авч хэд хэдэн талаас шинжиж үзсэн. Тухайлбал:
-Баян хүн яагаад шийтгэгдсэн, Лазар яагаад сайшаал хүртсэн бэ?
-Абрахамын өвөр гэж юу вэ?
-Дахин амилалт болоогүй байхад Лазар хэрхэн Тэнгэр дээрх улсад очсон байж болох вэ?
-Үхэгсдийн оронд хүн сэхээгүй байхад баян хүн хэрхэн тэнд тамаа үзэх боломжтой вэ?
Энэ нийтлэлд тус шинжилгээгээ үргэлжлүүлэхдээ баян хүн, Абрахам хоёрын хооронд өрнөсөн яриаг авч үзэх болно.
Баян хүн, ядуу Лазар хоёр
19 Нэгэн баян хүн байжээ. Тэр нил ягаан өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. 20 Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, 21 мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв.
22 Ядуу эр үхсэнд тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.
23 Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. 24 Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад 25 Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авч байхад Лазар ч тэрчлэн муугаа авсныг санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26 Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд 27 тэр “Эцэг минь, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя. 28 Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ. 29 Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд 30 тэр “Үгүй, Абрахам эцэг минь, үхэгсдээс хэн нэг нь тэдэн рүү явбал тэд гэмших болно” гэв. 31 Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв. (Лук 16:19-31)
Абрахам, баян хүн хоёрын хачирхалтай ярилцлага
Юуны өмнө хэлэхэд, баян хүн холын “тэртээд байгаа” (23-р ишлэл) Абрахам, Лазар хоёрыг таньсан нь гайхмаар. Тэгээд Абрахамтай яаж тийм холоос ярилцаж чадсан нь эргэлзээ төрүүлнэ. Ярьж байгаа байдал нь хүртэл үнэшилгүй байна. Бодит галд шатаж буй хүн тус баян шиг тайван ярьж чадахгүй, харин орилон хашгирч төдөлгүй ухаан алдаж үхнэ.
“Тамд орсон хүмүүс дэндүү их зовсондоо Ертөнцийн Эзэнийг үзэн ядаад байнга хараан зүхдэг” гэж заадаг пастор, теологичид байдаг нь харамсалтай. Энэ баян хүн лав тэгдэггүй, Абрахамаас хүндэтгэлтэйгээр тусламж гуйдаг. Тухайлбал: “Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг” гэж хүсдэг (24-р ишлэл). Гуйсан гуйлт нь их хачирхалтай санагдана. “Намайг энэ галаас гаргаад өгөөч!” гэж гуйхын оронд ганц дусал ус хүсээд байна. Хэт их тусламж гуйснаас санаа нь зовсон гэж тайлбарлах нь бий.
Гэтэл галд шатаж байхдаа хүн юу ч гуйхаас санаа зовж мэдэхээ больдог баймаар. Тэгээд ч түймэрт орсон хүнд ганцхан дусал ус яаж тус болох билээ? Тэр халуун галд дусал ус тус болохоос нааш шууд л ууршина гэж санагдана. Тэгвэл ганцхан л дусал усны төлөө хүнийг зарах хэрэг юу вэ? Мөнөөх баян яагаад галд шууд өртөж буй нүд юмуу арьснаасаа илүү аман доторх хэлийгээ чухалчилж байгаа нь ч мөн сонин.