Skip to content

Аврагдах дэс дараа

Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. Харин тус бүр өөрийн дараалалтай байна…” (1 Коринт 15:22-23).

Дээрх гайхалтай зөгнөл хүн төрөлхтөний өвөг эцэг Адамаас эхэлдэг. Хүн бүр Адамаас гаралтай. Тийм учраас Адамын үйлдсэн гэмийн шийтгэлд хүн бүр өртдөг бөгөөд гарцаагүй үхэхэд хүрдэг. Энэ нь амь нас хэзээ нэгэн цагт төгсөхийг хэлээд зогсохгүй, амьдрал тэр чигтээ уруудан доройтсоор үхэх явдал юм. “Адам дотор бүгд ҮХДЭГ” гэсэн нь тийм учиртай.

Харин Есүс Христ гэм ба үхлийн асуудлыг загалмай дээр шийдсэн. Дахин амилахдаа Тэрээр шинэ хүн төрөлхтөнийг эхлүүлжээ. Бидний Аврагч амьд учраас үхлийн чанадад орших итгэл найдвар бидэнд бий. Энэ талаар эртний хүмүүс ч мэддэг байлаа. Өмнөх хэдэн нийтлэлд бид энэ бүхнийг авч үзсэн бол энэ нийтлэлд тэрхүү гайхамшигт найдлагын тухай Бичвэрүүдийн өгсөн мэдээллийг дэлгэнгүй авч үзэн, тус найдлага юутай бат болохыг олж харах болно.
Нарийн хэлэхэд дээрх ишлэл зөвхөн дахин амилахын тухай биш, харин ямар ч муудах хүчинд хөндөгдөхын аргагүй амьтай болох яруу жавхлангийн тухай юм. Тухайлбал: Бүтээгч Эзэн үхлийг үгүй болгохын тулд биднийг дахин амилуулах нь үнэн. Харин дахин үхдэг байх явцанд орж үхэхгүйн тулд бидэнд жинхэнэ Амь буюу “амьд болгогдох” явдал хэрэгтэй.

Бидний Их Эзэн бол дан Амилал байгаад зогсохгүй, Тэр бас мөхөшгүй Амь билээ (Иохан 11:25).

Есүс Лазарыг дахин амилуулахдаа Амилал нь болсон. Гэтэл Лазар дахин үхжээ. Ирээдүйд Есүс Лазарыг дахин булшнаас дуудахдаа муудашгүй, мөхөшгүй амь хайрлаж бас Амь нь болно.

Үхлээр төгсөх өнөөгийн хэцүү амьдралыг дээрх ишлэлд ирээдүйн сайхан үхэшгүй амьдралтай эсрэгцүүлж зүйрлэсэн.

“Амьд болгогдох” гэдэг нь “алдар, хүч” дүүрэн бөгөөд хэзээ ч “үл муудах” амьтай болохыг хэлнэ (1 Коринт 15:42-44). Өөрөөр хэлбэл, тэр амьдралд үхлийн уруудах явц явагдахгүй, “ялзралын боолчлол” байхгүй байх болно (Ром 8:20-23).

Үхэл олон мянган жилийн турш ажиллан, хүн бүрийг яалт ч үгүй булш руу чирж ирсэн.

Харин Бүтээгч Эзэний ирээдүйд өгөх Амь биднийг хэзээ ч дуусашгүй хүч чадлаар дүүрэн, яруу алдраар гэрэлтэх амьдралтай болгоно. Эхний амьдралыг тэсч өнгөрүүлсэн бүхэн хоёрдахь амьдралаар баясан хөөрөх болно. Энэ бол хамаг хүн төрөлхтөнд жинхэнэ сайн мэдээ юм! Өнөөгийн дорой байдлаа хожмын яруу алдрын үндэс болохыг ойлгосон бид өнөөдрийн хэцүү дорой байдалдаа хүртэл баярлаж чадна.

Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно…Үхэшгүй амьтай болох найдлага нь Адамаас гаралтай хүн бүрт хамаатай нь эндээс ойлгогдож байна. Энэ өгүүлбэрийн эзэн “бүгд”. Хоёр удаа гарсан “бүгд” өгүүлбэрийн нэг л эзнийг хэлнэ. “Христ дотор буй бүгд” гэж хэлээгүйг анхаараарай. “Түүн дотор бүтээгдсэн” ба Түүнтэй хамт нас барсанд тооцогддог хамаг хүн төрөлхтө-нийг энд хэлсэн байна (Колоссас 1:16; 2 Коринт 5:14). Адамын эхлүүлсэн хүн төрөлхтөнд багтсан бүх хүн бас Христийн тэргүүлэх шинэ хүн төрөлхтөнд хамрагдах ёстой. Христийн тэргүүлэх хүмүүсийн тоо Адамынхны тоогоос бага байх ёсгүй нь мэдээж.

…Харин тус бүр өөрийн дараалалтай байна.” Эндээс харахад үхэшгүй амийг бүгд зэрэг биш, харин товлосон дэс дараагаар хүртэх болно. Адамын тэргүүлсэн хүмүүс олон мянган жилийн турш үе үеэрээ хорвоод мэндэлсэн бөгөөд өнөө хүртэл тоо нь бүрдэж дуусаагүй байна. Шинэ хүн төрөлхтөн мөн адил дараа дараалан гарах болно. Гэтэл олон үеэр биш, “амьд болгогдох” нь гуравхан үе шатаар явагдана. “Дараалал” гэж орчуулсан грек үг ер нь цэргийн “журамтай дараалж жагсаасан анги”-ыг хэлнэ (G5001).

Авралын жагсаал

Энэ жагсаалын эхэнд Есүс Христ ганцаараа манлайлна. Паул бичихдээ: “…Христ бол анхны үр жимс” (1 Коринт 15:23). Улмаар, “Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй” (Ром 6:9).

Лазар зэрэг хүмүүс Есүсээс түрүүлж үхлээс амилсан нь үнэн. Гэтэл дахин хэлэхэд, тэд тухайн үед үхэшгүй амьдралтай болоогүй, хэсэг хугацааны дараа амьсгаа дахин хураалаа. Дахиад л үхэлд хүргэх тийм амиллыг дээрх ишлэлд тооцоогүй, үхэшгүй амьдралтай болох тухай нь батлагдаж байна.

Тэр л утгаар Есүс дахин амилсан анхны хүн мөн. Тэр л утгаар “бүгд амьд болгогдоно”!

Үхэшгүй амьдралын энэхүү “жагсаал”-ыг удирдаж буй нь Есүс ганцаараа. Тэр бол энэ замыг анх гаргасан “авралын маань ахмад” билээ (Еврей 2:10, АБ “Эхлүүлэгч”). Одоогийн байдлаар “зөвхөн Түүнд л үхэшгүй мөнх буй…” (1 Tимот 6:16). Энэ үгээс харахад өөр хэн ч үхэшгүй амьдралыг хүртэж амжаагүй байна.

Үхэл нэгэнт Есүс Христэд ялагдсан учраас хүн төрөлхтөн ахиад амилж Түүн шиг үхэшгүй амьдралтай болох нь баталгаатай!

үргэлжлэл…