Skip to content

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай

I: Болсон бодит явдал гэж авч үзвэл…

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай Есүсийн ярьсан алдартай өгүүллэгийг итгэгчид ихэвчлэн буруу ойлгодог гэхэд хилсдэхгүй. Учир нь тэд энэ өгүүллэгийг болсон явдал гэж үздэг. Энэ өгүүллэгээс л там ямар байх тухайд төсөөлөл авч, тамын тухай номлодог пастор олон бий. Энэ хэсгийг тэд тамын бодитойг нотлох хамгийн том баталгаа ч гэж үздэг. Нэгэнт тамыг үнэхээр байдаг гэж заах нь түгээмэл учраас тамын тухай бодохоос ч жийрхэх хүсэл бидэнд төрдөг ч энэ сэдвийг маш нухацтай авч үзэх ёстой. Энэ нь бидний хайртай бүх хүмүүсийн мөнхийн хувь заяатай нягт холбоотой учраас бид Есүсийн ярьсан өгүүллэгийг тунгаан бодож зөв тайлж, зөв ойлгох нь нэн чухал. Тэгсэн цагт Есүсийн энэ үг ч гэсэн үнэхээр гайхалтай гүн гүнзгий утгыг агуулсан болохыг олж харахдаа бид айдасгүй байж, Их Эзэнээ үнэн сэтгэлээс бишрэн магтахад хүрэх болно.

«Лук» номын 16-р бүлэг

19 Нэгэн баян хүн байжээ. Тэр нил ягаан өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. 20 Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, 21 мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв.
22 Ядуу эр үхсэнд тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.
23 Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав.
24 Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад
25 Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авч байхад Лазар ч тэрчлэн муугаа авсныг санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26 Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд 27 тэр “Эцэг минь, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя. 28 Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ.

29 Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд 30 тэр “Үгүй, Абрахам эцэг минь, үхэгсдээс хэн нэг нь тэдэн рүү явбал тэд гэмших болно” гэв. 31 Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв. (Лук 16:19-31)

Боломжтой бол шууд утгаар нь ойлгож ав” гэсэн Библийг зөв ойлгоход тус болохуйц нэгэн чухал зарчим бий.

Тийм учраас юуны өмнө ихэнх итгэгчийн үздэгчлэн тус өгүүллэгийг болсон явдал гэж үзвэл: Баян хүн, Лазар хоёр энэ дэлхийд амьдраад тус
бүрдээ нас барж нэг нь диваажин, нэг нь тамд очсон бодит түүхэн үйл явдал гэсэн утгаар шинжиж үзэх хэрэгтэй болно. Хэрвээ болсон явдал мөн юм
бол энэ өгүүллэгт гардаг бүх юм бодит үнэн, яг бичсэний дагуу тохиолдсон байх ёстой. Тэгвэл ямар зорилгоор Есүс энэ өгүүллэгийг ярьсан юм бол? Бидний амьдралд тэдний түүх ямар хамаатай болохыг эргэцүүлж үзвэл гол утга нь “бид хэрхэн баян хүн шиг тамд оролгүй ядуу Лазар шиг диваажинд1 орох вэ?” гэсэнд орших буй за.

Эхний ээлжинд энэ өгүүллэгийг хэсэг хэсгээр нь авч үзээд болсон явдал байж болох уу гэсэн талаас шинжиж үзье.
Үргэлжлэл бий…