Skip to content

Бүтээгч Эзэн бүтээлээ …

Ариун бичвэрүүдийн дагуу Ертөнцийн Эзэнтэй хамт алхдаг хүмүүс нас барсныхаа хойно Түүнийг магтдаггүй, санадаг ч үгүй, юу ч мэдэхгүй, мэдрэхгүй билээ. Хүн бол махбод, амин сүнс хоёроор бүрдсэн “амьд сэтгэл” бөгөөд үхлээр махбод, амин сүнс хоёр нь салахад юм мэдэрдэг, сэхдэг сэтгэл нь ч үгүй болдог учраас тэр. Хүн бүр үхэхэд хүрэх шалтгаан бол өвөг эцэг Адамаас өвлөж авсан “уламжлалт үхэл” юм. Гэхдээ сайхан мэдээ нь болохоор хүн үхлээр оршихоо больсон ч гэсэн үхэл юм бүхний эцэс биш. Есүс Христийн загалмай дээр хийсэн ажлын ачаар хүн бүр дахин амилах бодит итгэл найдвартай. Энэ бүхнийг бид өмнөх хэдэн нийтлэл дээрээс олж харсан.

Библийн хамгийн эртний бичвэр гэдгээрээ алдартай «Иов» ном эдгээр үнэнийг гайхалтайгаар батална. Иов израйльчуудыг Египет оронд байх үед амьдарсан, Едом нутгийн хаан байсан бололтой.

Мөнхийн Эзэний гэрчилснээр “газар дэлхий дээр Иов шиг гэм зэмгүй, шулуун шударга бөгөөд Надаас эмээж, бузар муугаас хол явдаг хүн алга” байв (Иов 1:1,8). Гэвч Сатаны бодлоор Иовын Их Эзэнээс эмээдэг нь чин сэтгэлийнх биш, эрх ашгаа бодсноос үүдэлтэй гэжээ. Тийм биш гэдгийг үзүүлэхийн тулд Их Эзэн Иовыг шалгах зөвшөөрлийг Сатанд өгчээ.

Тэр үеэс эхлэн Иов дэндүү хэцүү үеийн дундуур явсан. Хамаг юмаа бүү хэл, арван хүүхдээ хүртэл алдав. Иов энэ хэцүү байдалдаа гутран, үхлийн тухай их бодсон.

Бүтээгч Эзэнд их гомдсноо илэрхийлсэн ч гэсэн, Иов өөрийг нь Аврагч бий гэдгээс зууралдан байж, Бүтээгч Эзэндээ үнэнч хэвээр үлджээ. Эцэст нь Их Эзэн “Миний тухай зөвийг ярьсан” гэж Иовыг сайшаажээ (Иов 42:7). Мөн хожим Езекиелд Иовыг онцгой зөвт хүн байсан гэж магтдаг (Езекиел 14:14). Тиймээс энэ нийтлэлдээ амьдрал, үхэл ба дахин амиллын тухай Иов юу гэж хэлсэн, ямар итгэл найдвартай байсныг авч үзье.

Амьдрал ба үхлийн талаар Иов найзуудынхаа хамт бусад Бичвэртэй нийцэх үндсэн үзэлтэй байсан. Үхэл буцалт болохыг тэд лав мэдсэн. Тухайлбал:
“Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ” (33:4). “Хэрэв Тэрбээр… хүмүүнд өгсөн сүнс ба амьсгалаа Өөртөө буцааж хураавал… хүн төрөлхтөн шороондоо буцах байсан” (34:12-15; мөн 10:9). Үхлээр хүний “сэтгэл нь” хүртэл үхдэгт тэд итгэдэг байв (Иов 36:14; еврей: “сэтгэл”, H5315; СМО: “амь нь”, АБ: “тэд”).

Өөрийгөө үхлээ гэж бодож байхдаа Иов гаслан:

“Нас минь нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч
Найдлагагүйгээр ингээд би төгсгөлдөө хүрчээ…
Намайг харагч Түүний нүд дахиж намайг харахгүй.
Намайг харъя гэвэл би байхгүй болсон байна.
Үүл замхран одохын адилаар
Үхэгсдийн орон руу
буугсад эргэж гарахгүй [еврей: өгсөхгүй]
…одоо би шороонд хэвтэх болно.
Хайж Та намайг эрэвч би алга болсон байна” гэв (Иов 7:6-21).

Итгэгч хүн нас эцэслэхдээ Бүтээгч Эзэн дээрээ очдоггүй, Үхэгсдийн оронд буудгийг Иов ойлгосон. Очих гэж буйгаа тэр оронг Иов “Харанхуйн нутаг, үхлийн хар сүүдэр… түнэр харанхуй, эмх цэгцгүйн орон” гэж тодорхойлов (Иов 10:20-21). “Ор дэрээ засдаг” тэр орон булшийг хэлдэг нь тодорхой (17:13-14). Энэ орон бол бөө нарын ярьдаг доод тэнгэрт буй “харанхуйн орон” биш гэсэн үг. Мөн бөө нарын тэнд уулздаг олон сүнс үхсэн хүнийх биш гэдэг нь ойлгогдож байна.

Нас барсан итгэгчид лав бусдын адил шороонд буюу булшинд хэвтдэгийг Иов баталдаг. Үхэгсэд Бүтээгч Эзэний хувьд ч “байхгүй болдог”, “алга болдог” бөгөөд “эргэж гарахгүй”. Энэ сүүлийн үг еврейгээр “өгсөхгүй” гэсэн утгатай учраас мөн “дээш хөөрөхгүй”, “тэнгэрт халихгүй”, “өөд болохгүй” гэж орчуулж болно.

Энэ үг үхэгсдийг тэнгэрийн улсад очдоггүйг давхар батална. Үүнчлэн Есүс Их Эзэн: “Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй” гэжээ (Иохан 3:13).

Сэдэвт маань хамаатай Иовын нэг яриаг хамтдаа чагная:

Эхээс төрдөг хүн бүхний амьдрал
Богино хэрнээ бэршхээлээр дүүрэн ажээ.
Цэцэг мэт дэлгэрэвч хагдарч хорчийдог.
Сүүдэр мэт хулжаад, арилж оддог.
Ийм нэгэн дээр Та мэлмийгээ тогтоож
Энэ бие дээр минь шийтгэлээ буулгалаа гэж үү?
Хэн бузраас цэврийг гаргаж чадах вэ?
Хэн ч чадахгүй!”
(Иов 14:1-4)

Энэ үгнээс харахад Иов хүний дотор “бузар” юм байдгийг мэдсэн. Энэ бол “төрөлхийн үхэл” ба “үхлийн хатгуур болох нүгэл” билээ.

Тийм ч учраас төгс алдаагүй хүн нэг ч байхгүй, бүгд амийн хүчээр дутагддаг, сул дорой учраас амь амьдрал нь богино, бэршээлээр дүүрэн. Цааш яриаг нь чагнахад (Иов 14:5-10, 14):


“Хүмүүний өдрүүд нь тогтоогдсон.
Хоног саруудын тоо нь Танаас өгөгдсөн.
Хэмжээ хязгаарыг нь Та тогтоосон хойно
Хэн ч түүнийг даван гарч чадахгүй…
Харин модонд бол найдвар бий.
Цавчуулсан ч дахиад ургана.
Навч нахиа нь тасралтгүй соёолно…
Харин хүн бол үхнэ, өнхрөөд өгнө.
Тэрээр дуусна,

тэгээд хаана байна вэ? (…)
Хүн үхлээ гэхэд

эргээд амьдрах уу?

Бүтээгч Эзэний тогтоосон үхлийн өөдөөс харсан Иов яг зөв асуулт тавьдаг: “Үхэж дууссан хүн хаана байна вэ? Хүн үхлээ гэхэд эргээд амьдрах уу?

үргэлжлэл…