Есүст итгэсэн бид бүхэн Түүнийг дагахаар шийдсэн бөгөөд үүний тулд Библиэс суралцдаг. Тэгэхээр нэгэн том асуулт гарч ирдэг. Ертөнцийн Эзэн ард түмэндээ нэгэнт ариун Хууль өгсөн учраас тэр Хуулийг нь бид өнөөдөр дагах ёстой юу? Энэ сэдвээр Христитгэлд янз бүрийн үзэл бодол байсаар ирсэн. Үүний жишээд, Адвентист сүм тэр Хуулийг дагах ёстой учраас ням гаригт бус, бямба гаригт амарч, сүмдээ явах ёстой гэж заадаг. Ихэнх сүм чуулган үүнд санаа нийлэхгүй, тус Хуулийг дагах хэрэггүй гэж хэлдэг. Тэгсэн ч гэсэн 10 Хуулийг дээдлэн, Мосегийн хуулийн зааснаар аравны нэгийг хурааж, пастор удирдагчаа Ертөнцийн Эзэн ба хүний хооронд зуучлах зууч мэтээр үзэн, сүмдээ заавал тогтмол ирэх ёстойг шаардах бөгөөд өөрийн гэсэн янз бүрийн дагахгүй л бол болохгүй дүрэмтэй байх нь түгээмэл. Үүний үр дагаварт авралаа алдаж болох эсэхийг итгэгчид ер нь тодорхой хэлж мэдэхгүй. Сүмдээ явахаа больсон итгэгчийг Их Эзэнээс холдож, авралаа алдсан гэж үзэх нь олонтаа.
Тиймээс уг асуултыг нь дахин тавья: Ертөнцийн Эзэний Мосед өгсөн Хуулийг бид өнөөдөр мөрдөх ёстой юу? Итгэгч хүн авралаа алдах боломжтой юу? Эдгээр асуултын хариултаас бид бүхний аврал шалтгаалж мэднэ.
Гэвч уг хариуг нь хайхаар нэгэн асуудалтай тулгарна. Үүнд: Библийн өгсөн хариу зөрчилдөөнтэй, аль ч талд өөрийн үзэл бодлоо батлах олон ишлэл олддог. Ертөнцийн Эзэний Үг нэгэнт үнэн учраас дотроо зөрчилдөх ёсгүй болохоор энэ байдал үнэхээрийн хачин. Ертөнцийн Эзэний Үг алдана гэж байхгүй учраас ойлголт маань алдаатай байж таарна. Тэгвэл дээрх асуултын зөв хариултыг олохын тулд бид буруу ойлголтоо засах нь нэн чухал.
Есүсийн хэлсэн үгийг бид дагах ёстой гэвэл ойлгомжтой санагдана. Тэгвэл Есүс Мосегийн Хуулийг дээдэлдэг бөгөөд Хууль дагахыг дэмждэг байсан. Тэр хэлэхдээ: “Хуулийг… хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин биелүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдэх хүртэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. Тиймээс эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч болов үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно” гэв (Матай 5:17-20).
Есүсийн иудейчүүдэд хэлсэн энэ үг дэндүү тодорхой. Газар дэлхий үгүй болтол Мосед өгсөн Хууль нь хүчинтэй хэвээр, тэр Хуулийг үл тоомсорлон байж болохгүй, харин сахих ёстой.
Тэгвэл элч Паул Ариун Сүнсний нөлөөгөөр Хуулийн тухайд юу гэж бичсэнийг авч үзье. Үүнд: “Христ ирж, биднийг итгэлээр зөвтгөх хүртэл, Хууль нь биднийг [Христ рүү аваачих] зааварлагч болж байв. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа больсон” (Галат 3:24-25). Ингээд “бид хуулийн дор бус, харин нигүүлслийн [хайр ивээлийн] дор байгаа” болсон (Ром 6:14-15). Паул Хуулийг Христтэй, итгэлтэй, нигүүлсэл буюу хайр ивээлтэй эсрэгцүүлдэг.
Үргэлжлүүлэн тайлбарлахдаа Паул: “…аливаа хүн Хуулийн үйлсээр бус, харин [Христ Есүсийн] итгэлээр зөвтгөгддөг… Тиймээс бид Хуулийн үйлсээр бус, харин [Христийн] итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл Хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй.” (Галат 2:16, бас Ром 3:20-24-г үзнэ үү).
Улмаар, “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан.” Хэн ч Хуулийг алдалгүй дагаж чадахгүй учраас “Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал дор байдаг” (Галат 3:10).
“Чулуун дээр үсгээр сийлэгдсэн” алдартай 10 Хууль бол “үхлийн үйлчлэл”, “ял зэмлэлийн үйлчлэл” учраас тэр (2 Коринф 3:7-11; Чөлөөлөгдсөн нь 31:18). Паулын үг мөн тодорхой. Хүн хичнээн хичээсэн ч гэсэн Хуулийг дагаснаар зөв хүн болж аврагдана гэж байхгүй. Тиймээс ч, “Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүс”-т Паул хуулийн “боолчлолын буулгад” дахиж орохоос сэрэмжлүүлсэн (Галат 4:31-5:1).
Тэгвэл, Есүс Мосегийн Хуулийг дагах ёстой гэж шаардсан боловч Паул тийм боолчлолд орох хэрэггүй гэж заадаг. Тэд Хуулийн тал дээр илт зөрчилддөг. Ертөнцийн Эзэний Үг дотроо зөрчилдөөнгүй гэхэд илт зөрчилдөх энэ хоёр байр суурийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Есүсийг дагая гэж хүссэн бид өнөөдөр Библийн аль үгийг дагах нь зөв бэ? Бид аврагдахын тулд яг яах ёстой вэ?
Есүсийн эртний дагалдагчид энэ байдалд хэрхэн хандаж байсныг авч үзье.
Петр, Иохан, Есүсийн дүү Иаков гурав лав Паулд “өгсөн нигүүлслийг мэдээд, нөхөрлөлийн баруун гараа сунгасан” юм (Галат 2:1-9). Өөрөөр хэлбэл, тэд заадаг зүйлсийг нь Их Эзэнээс ирсэн гэж хүлээн зөвшөөрч, Паулыг Христийн үнэнч зарцаар хүлээж авсан. Петр хожим ч гэсэн Паулыг итгэлийн хайртай ахаа гэж дуудсан (2 Петр 3:15-16). “Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн…” гээд бичсэн захидлыг нь “ойлгоход хэцүү зарим зүйл”-тэй ч гэсэн дэмждэг байсан.
Гэвч Паулын учрыг мэдээгүй энгийн иудей итгэгчид Паулыг хүлээж аваагүй. Сүүлчийн удаагаа Иерусалим хотод очихдоо Паул Иаковынд очиж, тэнд сүмийн бусад ахлагч нартай уулзаж амар мэндээ солилцсны дараа Ертөнцийн Эзэн үндэстнүүдийн дунд өөрөөр нь дамжуулан юу хийж байгааг нэгд, нэггүй ярьж өгсөн. Үүнийг сонсоод тэд Ертөнцийн Эзэнийг магтан хүндлээд тэдний талаас олон арван мянган иудей хүн Есүст итгээд зогсоогүй, бүгд Мосегийн Хуулийг дагах гэж чармайн зүтгэгч хүмүүс гэж Паулд бахархан ярьсан. Иудей итгэгчдийн хамт олон Есүсийн заасан бүхнийг үнэнчээр биелүүлэхийг хичээдэг дагалдагч нь учраас тэр. Гэвч үүнээс болоод тэд Паулыг хүлээн авч чадаагүй.
,
Паулыг “Мосег умартахыг заан сургаж, хүүхдүүддээ битгий хозлуул, ёс заншлаа бүү дага гэж сургаж байна” хэмээн сонссон иудей итгэгчид түүнийг үздэггүйгээс бүх хэл, “Хуулийн эсрэг сургадаг” байсных нь төлөө алах шахсан (Үйлс 21:20-21, 28, 31). Ромын цэргүүд л түүнийг чүү ай гэж аварсан.1
Өнөөдөр ч гэсэн Паулыг Есүстэй зөрчилддөг гээд ад үзээд, бичсэн захидлууд нь Библид орох ёсгүй байсан гэж үздэг зарим хүмүүс бий. Гэтэл Есүс Их Эзэн Паулыг Өөрөө тэнгэрээс дуудаж, хэлэх үгийг нь түүнд заасан нь Библид тодорхой бичигдсэн (Үйлс 26:16). Петр, Иохан, Иаков нар Паулыг итгэлийн ахаар хүлээж авсан нь ч тодорхой.
Тийм учраас ихэнх итгэгч “жинхэнэ зөрчилдөөн алга, Есүс Паул хоёр нэг л зүйлийг хоёр талаас л ярьж байгаа” гээд зөрчилддөг үгийг нь эвлэрүүлэхийг оролдоно. Гэвч олон жил ингэж хичээж ирсэн хүний хувьд хэлэхэд, энэ бол нэг л болж өгдөггүй хэрэг.
Дараах хоёр ишлэлүүдийг харьцуулж үзээрэй:
Есүс: | Паул: |
“Хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй [ирээдүй цаг!].” (Матай 6:15) | “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил [өнгөрсөн цаг!] бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.” (Эфэс 4:32) |
:
Паулын хэлснээр итгэгч бид аль хэдийн уучлал авсан учраас бусдыг уучлах нь зөв. Харин Есүсийн хэлснээр итгэгч хүн эхлээд бусдыг уучлах ёстой, тэгвэл Ертөнцийн Эзэнээс уучлал авах болно. Уучилж чадаагүй тохиолдолд Ертөнцийн Эзэний уучлалыг ч авахгүй! Эндээс хуультай, хуульгүйн бодит байдал харагдаж байна.
Үнэний үгийг зөв хуваах нь
Дээрх үгсийг тулгаж үзэхээр Паул үнэхээр Есүсээс эсрэг зүйл бичсэн нь ил тод. Би хувьдаа олон жилийн турш энэ зөрчилдөөнийг арилгахыг хичээсэн ч Их Эзэн хамгийн энгийн бөгөөд сэтгэл ханах хариултыг олохыг зөвшөөрсөн. Юу гэвэл, энэ зөрүү байдал байхын хувьд байдаг, улмаар байх ёстой! Яагаад гэдгийг нь тайлах түлхүүр ч Бичвэрүүдэд бий. Үүнд: “Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.” (2 Тимот 2:15)
Үнэний үгийг “зөв заах” гэсэн нь грек эхэнд “зөв зүсэх”, “зөв хуваах” гэдэг (G3718). Амттай хиамыг та зүсч хуваахдаа нэг хэсгийг хүүдээ, бас нэг хэсгийг охиндоо хувиарлан өгдөг шиг Ертөнцийн Эзэн үгээ тодорхой хүмүүст хандуулан бичсэн байдаг. Бид Түүний үгийг уншихдаа юу гэж хэлснээс гадна хэнд хандаж ярьсныг нь анхаарч, үгийг нь тэрний дагуу “хувиарлан ойлгох” ёстой. Өөрөөр хэлбэл, бид Түүний “зүсч өгсөн хиамыг” бүхлээр нь харж үнэрийг нь авч болох ч, “зүсмийн хооронд ялган байж, өөрт хувиарласан хиамын зүсэм”-ийг л өөртөө авах ёстойг энэ үг заадаг.
Жишээ өгөхөд, Ноад Ертөнцийн Эзэн том усан онгоц барих тушаал өгсөн. Тэгвэл “Ертөнцийн Эзэний бүх үгийг дагах хүсэлтэй” гэдэг итгэгч хүн өнөөдөр хашаан дотроо усан онгоц барих ёстой гэсэн үг юмуу? Мэдээж үгүй. Яагаад гэвэл тэр үгийг тодорхой хүнд, тодорхой үед, тодорхой асуудлын хариуд өгсөн. Харин бидний амьдарч буй цаг үе ч өөр, тулдаг асуудал ч ондоо. “Усан онгоц барь” гэсэн нь Ноагийн хувьд “үнэний үгийн зүсэм” мөн байхад биднийх лав биш. Ертөнцийн Эзэний үгийг “зөв хуваах”-даа “усан онгоц барь” гэснийг нь бид өөртөө наалдуулалгүйгээр Ноад үлдээх ёстой. “Бусдын хиамыг бүү авч ид!”
Энэ бүхнээс гаргаж авах том зарчим бол: “Библи тэр чигээрээ бидний төлөө бичигдсэн боловч үг бүхэн нь бидэнд хандан бичигдээгүй юм.” Өөрөөр хэлбэл, Библи бүхлээрээ бидэнд олон юм сургахын төлөө байдаг (2 Тимот 3:16-17, 1 Коринф 10:11). Гэхдээ бид хувьдаа зөвхөн Их Эзэний бидэнд хандуулсан үгийг өөртөө авч дагах нь зүйтэй. Энэ зарчим нь «Хуучин Гэрээ» хэмээх еврей бичвэрүүдийн хувьд ихэнх итгэгчдэд тодорхой боловч «Шинэ Гэрээ»-ний хувьд тийм ч тодорхой биш. Гэтэл Есүс, Паул хоёрын хэлсэн үгс зөрчилддөг учраас тэд чухам үгээ хэн хэнд хандаж хэлснийг бодож үзэх хэрэгтэй.
Есүс ба Паул үгээ хэн хэнд хандуулсан бэ?
Есүс өөрийнхөө талаар: “Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм” гэжээ (Матай 15:24). Паул үүнд санаа нэгдэн: “Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын [=еврейчүүдийн] зарц болсон” гэж бичив (Ром 15:8).
Паулын тухайд Есүс: “…тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав” гэжээ (Үйлс 9:15). Паул мөн адил: “Тэр надад “Яв, Би чамайг бусад үндэстэн рүү алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.” (Үйлс 22:21) Иймд Паул өөрийгөө: “Би харь үндэстнүүдийн элч…” гэж хэлдэг (Ром 11:13).
Есүс иудейчүүдийн дунд, харин Паул ихэвчлэн еврей бусчуудын дунд ажилласныг хэн бүхэн мэднэ. “Ертөнцийн Эзэн үгээ тодорхой хүмүүст хэлдэг” гэхэд энд хоёр янзын бүлэг хүмүүс яригдаж байгааг бид анхааралдаа авах ёстой. Израилчуудын өвөг дээдэстэй Ертөнцийн Эзэн анх холбоо тогтоож, тодорхой амлалт өгсөн. Тэгээд Мосегийн үеэс эхлэн Израилын хамаг ард түмэнтэй нь гэрээ тогтоож, Хуулиа өгсөн. Тэрхүү гэрээний тэмдгээр еврей эрчүүд бүгд хозлуулдаг (хөвч хөндүүлдэг). Тийм учраас израилчуудыг мөн “хозлуулагсад” гэж дууддаг.
Улмаар, тэрхүү ард түмэнд Их Эзэн Үгийг нь дамжуулах олон эш үзүүлэгч илгээж, Христ (еврейгээр Машиах) Аврагч ирж, Израилын хаант улс байгуулах гэх зэрэг олон амлалтыг өгсөн. Тэр л ард түмэнд Есүс мэндэлсэн бөгөөд тэр л ард түмний дунд амьдарч, үйлчлэлээ явуулсан. Хэлсэн үгээ Есүс эхний ээлжинд өөрийн үеийнхээ иудейчүүдэд хандуулсан гэсэн үг.
Харин Паул ялангуяа бусад үндэстнүүдэд илгээгдсэн. Ертөнцийн Эзэн хэзээ ч Израилаас өөр ямар ч үндэстэнтэй гэрээ тогтоож байгаагүй. Монгол гэх зэрэг бусад үндэстэнд Мосе тэр хуулиа өгөөгүй (Ром 2:14). Бусад үндэстэн хозлол хийлгэх тушаалыг ч мөн Түүний хаант улсыг захирах амлалтыг ч Түүнээс аваагүй. Тэд Бүтээгч Эзэнтэй ямар ч холбоогүй байжээ. Израил Ертөнцийн Эзэний сонгосон ард түмний хувьд бусад бүх үндэстнээс өөр бөгөөд онцгой байр суурьтай байв.
Тэгвэл Есүс Их Эзэн иудейчүүдэд нэг юм, харин бусад үндэстнүүдээс итгэсэн хүмүүст Паулаар дамжин өөр юм хэлсэн байж болох уу? Бололгүй яах вэ! Хэрвээ би том хүүдээ тодорхой нэг киног үзэхийг зөвшөөрсөн ч бага хүүдээ үл зөвшөөрч гадаа гарч тоглохоор явуулах бол миний үг зөрчилдөхгүй. Үүнчлэн Ертөнцийн Эзэн Өөрийн гэрээт ард түмэндээ нэг юм хэлсэн ч, бусад үндэстэнд өөр юм хэлж болно.
Байр суурь нь өөр тэр хоёр бүлэг хүмүүст Их Эзэн ганц биш, хоёр янзын сайн мэдээг тунхагласан гэвэл Есүс ба Паул хоёрын зөрчилдөх мэт ишлэлүүдийн хоорондох зангилаа бэрхшээлийг шууд тайлж өгнө. Үнэхээр Паул хоёр сайн мэдээ байгааг дурдсан байдаг. Үүнд:
“Xозлуулагсдын төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан
шиг хозлуулаагүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсан…” (Галат 2:7). Үүнээс харахад үнэхээр хозлуулагсдад (еврейчүүдэд) зориулсан нэг сайн мэдээ бий, харин “хозлуулаагүй хүмүүс” болох еврей бусчуудад зориулсан бас нэгэн сайн мэдээ байдаг.
Хозлуулагсдад зориулсан сайн мэдээ
Есүсийн сургаалыг авч үзэхээр Тэрээр «Хуучин Гэрээ»-нд олон удаа зөгнөж амласан “тэнгэрийн хаанчлал” дөхөж ирснийг зарладаг байсан. Мосегийн үед Ертөнцийн Эзэн Израилын дуудлагыг анх тодорхойлсон. Тухайлбал: “Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно” гэжээ (Египетээс гарсан нь 19:6). Израилын ариутгасан ард түмэн Их Эзэний хаант улсыг авч явж, Ертөнцийн Эзэн ба бусад үндэстний хооронд “тахилч” буюу зууч хийнэ гэсэн үг.
“Бүх дэлхийг дүүргэх” тэр хаант улсын ирснийг Нибүүхэд-Ницар хаан, аварга хөшөөний тухай зүүдэндээ харсан. Тус зүүдийг хаанд тайлбарлахдаа Даниел тэр хөшөөг энэ дэлхийн дөрвөн агуу эзэнт гүрнийг билэгддэг гэжээ. Тэгээд: “Тэдгээр хаадын үед тэнгэрийн Бурхан хэзээ ч устагдашгүй, өрөөл бусдын гарт орохгүй нэгэн хаант улсыг тогтооно. Энэ хаант улс нь дээрх бүх хаант улсыг бутаргаж, харин өөрөө мөнхөд тогтоно” (Даниел 2:35+44,
бас 7:27-г үзнэ үү).
Есүсийн байнга ярьдаг байсан “тэнгэрийн хаанчлал” бол тэнгэрээс гаралтай, тэнгэрлэг чанартай ч гэсэн энэ газар дэлхий дээр оршин тогтох хаант улс болохыг энэ зөгнөлөөс ойлгогдоно. Энэ бол Израилд эрт дээр үеэс амласан хаант улс мөн.
Тэрхүү хаант улс байгуулагдах нь дөхөөд ирсэн гэсэн зар иудейчүүдийн хувьд үнэхээрийн сайн мэдээ байлаа. Улмаар, Есүс олон гайхамшигт “тэмдэг” хийснээрээ Өөрийгөө зөгнөлийн дагуу ирэх ёстой Машиах Аврагч болохоо баталсан. “Машиах” гэдэг нь “Тослогдсон Нэгэн” буюу “Ертөнцийн Эзэний томилсон Хаан” гэсэн утгатай. Есүс Израилын хаант улсын Хаан юм. Иймд, Хуулийг нь зөрчсөнийхөө төлөө Хааны өршөөлийг гуйж, Түүнийг үнэнчээр дагахад Тэрбээр иудейчүүдийг уриалсан. Хаандаа итгэж дагавал Хаант улс нь байгуулагдана. Энэ сайн мэдээ нөхцөлтэй байсан гэсэн үг. Гэвч тэд Хаанаа дагахын оронд Түүнээс урваж хороохоор хуйвалдсан. Тэгсэн ч гэсэн Есүс загалмай дээрээс тэдний төлөө уучлал гуйсан тул Ертөнцийн Эзэн иудейчүүдэд дахин боломж олгожээ.
Иймд Есүс үхлээс амилсныхаа дараа сонгосон төлөөлөгч элч нартаа дөч хоногийн турш “Бурханы хаанчлалын тухай айлдаж байв.” Энэ нь Израилд зориулсан тэр хаанчлалыг хэлсэн нь эцэст нь гарсан ярианаас ойлгогдоно (Үйлс 1:3-7). Паулын бичсэнээр Есүс иудейчүүдэд зориулсан сайн мэдээг Петрт даатгасан (бас Maтай 16:19-г үзнэ үү). Тиймээс, Есүсийг тэнгэр өөд одсоны дараа, голдуу Петр Израилд зориулсан хаант улс дөхөж ирсэн тухай сайн мэдээг ахин дахин зарладаг.
Улмаар, “Иоханы баптисмаас эхлэн Түүнийг… өргөгдөн дээш гарсан тэр өдрийг хүртэл” хаант улсын Хаан Есүс нь “Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд хийсэн бүхнийг” гэрчлэх дээр бас Түүний үхлээс амилсны гэрч байх нь апостол элч нарын үүрэг (Үйлс 1:22, 10:39, 1 Иохан 1:1-3, 2 Петр 1:16-18). Энэ бүх явдлыг, ялангуяа Есүс үхлээс амилсныг тэд нүдээрээ харсан хүмүүс учраас тэр бүхнийг гэрчилж ярихаас гадна бичсэн хэлбэрээр ч үлдээх амин чухал үүрэгтэй.
Есүсээс гадна Петр болон бусад арван нэгэн элч үгээ ихэвчлэн еврейчүүдэд л хандуулдаг байсан (Үйлс 2:5-11, 11:19, Иаков 1:1, 1 Петр 1:1, 2 Петр 3:1). Ариун Сүнс илгээгдсэн өдөр Петр олон улсаас ирсэн хүмүүст сургаал заасны үр дүнд 3000 хүн Есүст итгэсэн (Үйлс 2). Янз бүрийн улсаас ирсэн энэ хүмүүс Мосегийн Хуулийн дагуу баяр тэмдэглэхээр Иерусалимд хүрэлцэн ирсэн байв. Өөрөөр хэлбэл, тэд дан еврей эсвэл еврей шашинд нэгдсэн хүмүүс байсан (Үйлс 2:5).
Петр хэсэг хугацааны дараа ромын цэрэг Корнел дээр очиход тэр ром хүн ч гэсэн аль хэдийн “сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг”, өөрөөр хэлбэл Израилийн Эзэнийг хүндэлдэг итгэгч байв (Үйлс 10:2). Тийм боловч Петр анх тэр еврей бус хүний гэрт очиход бэлэн байгаагүй. Эхлээд Их Эзэн түүнд үзэгдэл үзүүлэх шаардлага гарав. Эцэст нь Корнелийн гэрт очихдоо Петр: “Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа” гэжээ (Үйлс 10:28). Өмнө нь Корнел мэтийн бусад үндэстний хүмүүсийг итгэгч байсан ч хамаагүй тэгэж үзэх байтугай нөхөрлөдөггүй байсан гэсэн үг. Мөн Петрийг Корнелийн гэрээс гарч явсны дараа Иерусалим дахь бусад итгэгч түүнийг буруутгаад: “Чи хозлуулаагүй эрчүүд дээр очиж, тэдэнтэй хамт хооллов” гэжээ (Үйлс 11:3). Харь үндэстний хүн Есүст итгэж дагах талаар ямар ч ойлголт иудей итгэгч нарт байгаагүй нь энэ бүхнээс ойлгогдоно. Үндэстнүүдэд Израилын хаант улс эхний ээлжинд хамаагүй учраас тэр.
Паул 12 элч нарын нэг биш
Олон хүн Паулыг 12 элч нарын нэг байсан гэж бодсон ч Паул өөрийгөө лав тэгэж бодоогүй (1 Коринф 15:5+8-г үзнэ үү).
Паул үнэхээр бусад элч нараас өөр: Бусад нь анхнаасаа Есүсийн найз байхад Паул харин ч өстөн дайсан нь байв.
Доорх хүснэгтээс Паул бусдаасаа өөр ямар ялгаатай байсан нь тод харагдана.
12 элч апостол нар | Апостол Паул |
Израил нутагт төрсөн. | Гадаадад буй Тарсус хотынх. |
Нутагтаа байхдаа… | Гадаадад байхдаа… |
газар дэлхий дээр алхаж буй Есүсээр… | тэнгэрт өргөмжлөгдсөн Есүсээр… |
Түүний энэ дэлхий дээр хийсэн гайхамшиг, үхлээс амилсныг гэрчлэн… | Түүний үхлээс амилж, тэнгэрт өргөмжлөгдснийг гэрчлэн… |
нутгынхаа (еврей) хүмүүст үйлчлэхээр дуудагдсан. | бух үндэстний хүмүүст үйлчлэхээр дуудагдсан. |
Арван хоёр элч нарын адил Паул иудей хүн бөгөөд Есүсийн үхлээс амилсныг гэрчлэхээр Түүнд дуудагдсан. Гэхдээ бусад зүйл дээр Паулын байдал эрс ялгаатай. Арван хоёр элч нар Есүс үхлээс амилсныхаа өмнө Израилын хүрээнд юу юу хийсэн тал дээр анхаарч гэрчлэх үүрэг авсан. Тэр нь голдуу еврейчүүдэд хамаатай.
Харин Паулын үүрэг нь үхлээс амилсныхаа дараа Израилын нутгыг орхиж яруу жавхланд өргөмжлөгдсөн Есүсийг анхаарч гэрчлэх юм. Үйлчлэл нь Израилын хүрээний гадаа бөгөөд бүх хүн төрөлхтөнд хамаатай.
Паул өөр зүйлсийг гэрчлэхээр дуудагдсан
Энэ дэлхий дээр байх үед нь Паул Есүстэй танилцаагүй, Түүнийг холоос ч гэсэн хараагүй. Тухайн үед Есүсийн хийсэн олон гайхамшгийг гэрчлэх эрх Паулд байхгүй гэсэн үг. Хараагүй зүйлийг хүн гэрчилж болохгүйг хэлэх шаардлагагүй биз ээ. Харин Есүсийн тэнгэрээс цацсан үдийн нарнаас хурц гэрлийг Паул нүдээрээ харж сохорсон бөгөөд өөрт нь хэлсэн Үгийг нь чихээрээ сонссон учраас Есүсийн амьд байгааг бүү хэл, тэнгэрт өргөмжлөгдсөнийг нь гэрчлэх эрх ба үүрэг авчээ.
Паул бусдаасаа өөр гэрчлэх зүйлсийг Есүсээс авсан нь Бибид тодорхой бичигдсэн. Үүнд: “Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм” гэж Их Эзэн Паулд хэлжээ (Үйлс 26:16).
Хэрэв Паулын тунхаглах ёстой зар Петрийнхээс ялгаагүй байсан бол тэнгэрэлч Корнелийг Петр лүү явуулсан шиг Есүс Паулыг мөн Петртэй уулзуулахаар явуулах байхсан. Улмаар, Есүс Өөрөө Паулд үзэгдэх шаардлагагүй, бас тэнгэрэлчийг л илгээх байсан байх. Гэхдээ Есүс Их Эзэн Өөрөө Паулд тэнгэрээс үзэгдээд зогсоогүй, хожим дахиад юм үзүүлнэ гэж түүнд хэлсэн. Энэ бол ихэд учиртай.
Энэ талаар Ананиа ч гэсэн Паулд хэлэхдээ: “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ. Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно” гэв (Үйлс 22:14-15). Үүнээс ч харахад Паулын гэрчлэх зүйлс бусдынхаас үнэхээр өөр бөгөөд “бүх хүн”-д зориулсан.
Аль нь ч зөв – өөрийн хүрээндээ!
“Ертөнцийн Эзэний Мосед өгсөн Хуулийг бид өнөөдөр дагах ёстой юу?” гэж анх тавьсан асуултыг сануулъя. Есүс энэ асуултад “тийм” гэж хариулсан байхад Паул “үгүй” гэсэн нь үнэхээрийн толгой эргэмээр юм шиг. Гэхдээ аль нь ч өөрийн хүрээндээ зөв гэдэгт бид итгэлтэй байж болно. Ертөнцийн Эзэн үгээ тодорхой хүмүүст хандуулдаг учраас хэнд юуг хэлснийг бид ялгаж сурах хэрэгтэй. Иудейчүүд лав Их Эзэнтэй эрт дээр үеэс харилцаа тогтоосон бөгөөд тухайн үед Их Эзэн тэдэнд Мосегээр дамжуулан Хуулиа өгсөн. Тэр л түүхтэй хүмүүсийн дунд Есүс ирэхдээ тэр хуучны харилцааг батлахдаа Хуулийг сайн мөрдөх ёстой гэж тэдэнд мөн баталсан нь мэдээж.
“Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг” (Ром 3:19). Өөрөөр хэлбэл,
ямар ч Хууль өөрийн гэсэн хамрах хүрээтэй юм. Монголын үндсэн хуулийн хамрах хүрээ нь Монгол улс байхын адил Мосегийн Хуулийн хамрах хүрээ нь Израилын хаант улс. Тэр хаант улсад орохыг хүссэн хүн тэр Хуулиар захирагдах нь ойлгомжтой. Харин бусад үндэстнүүдэд өнөөх Хууль өгөгдөөгүй, бусад үндэстэн Ертөнцийн Эзэнтэй ямар ч албан ёсны харилцаагүй. Израилын хаант улс байгуулагдах үед л бусад үндэстэн тэр хаант улсын харъяанд орно.
Тэр цагаас өмнө Есүс Израилын хүрээний гадна талд буй хүмүүст зориулж цоо шинж сайхан мэдээ илгээсэн. Тийм ч учраас Паулын хүн төрөлхтөнд тунхаглах мэдээ нь үнэхээр иудейчүүдэд зарласан мэдээгээс өөр.
Монгол зэрэг иудей бус итгэгчдийг Их Эзэн Мосегийн Хуулийн дор оруулаагүй, харин биднийг хэмжээлшгүй хайр ивээлийн дор оруулсан юм. □
Дараагийн нийтлэлд тэр “хэмжээлшгүй хайр ивээл” ямар учиртай, бас Паулын сайн мэдээ Петрийнхээс юугаараа ялгаатай байдгийг авч үзэх болно. “Итгэгч хүн авралаа алдаж болох уу?” гэсэн асуултыг ч авч үзнэ. Паулын сайн мэдээг дагасан хүмүүсийн хувь заяа ч юугаараа өөр болохыг ч олж мэдээрэй!
Ашигласан эх сурвалж:
—Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Энэ судалгаанд АБ гэж товчилсон. Өөрөөр тодорхойлоогүй бол «Шинэ гэрээ»-ний ишлэлийг энэ орчуулгаас авсан байх болно.
—Библи (2015). Улаанбаатар : Монголын Библийн Нийгэмлэг. Энэ судалгаанд ББ гэж товчилсон.
—Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Энэ судалгаанд СМО гэж товчилсон. Өөрөөр тодорхойлоогүй бол «Хуучин гэрээ»-ний ишлэлийг энэ орчуулгаас авсан байх болно.
—Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible (with Greek and Hebrew Lexicons). www.blueletterbible.org
1Энэ нь Мосегийн хуулийг дагаж байгаа юм шиг тэдэнд санагдсан байх. Тухайлбал: “Та нарын дотроос эш үзүүлэгч, эсвэл зүүдээр зөгнөгч гарч ирээд, тэмдэг гайхамшгийг үзүүлж, тэр нь болж бүтээд «Та нарын таньж мэддэггүй байсан өөр бурхдыг шүтэн биширч, тэдэнд сүслэн үйлчилье» гэж хэлж болох юм. Тэгвэл та нар тэр эш үзүүлэгч, эсвэл тэр зүүдээр зөгнөгчийн үгэнд бүү ор. Бурхан ИАВЭ чинь та нарыг чин зүрх, чин сэтгэлээсээ Бурхан ИАВЭдаа хайртай эсэхийг сорьж шалгаж байгаа юм. Та нар Бурхан ИАВЭгийнхаа явдал замналаар явж, Түүнээс л сүрдэн эмээх ёстой. Зөвхөн Түүний тушаалуудыг сахин биелүүлж, үгийг нь даган, Түүнд сүслэн үйлчилж, үнэнч хэвээр бай. Харин тэр эш үзүүлэгч, эсвэл тэр зүүдээр зөгнөгч цаазлуулах ёстой. Яагаад гэвэл, тэрээр боолчлолын газар болох Египетээс та нарыг чөлөөлж гаргасан Бурхан ИАВЭгийн чинь эсрэг юм ярьж, явахыг тушаасан зам мөрөөс нь та нарыг урвуулах гэж байгаа юм. Та нар дундаасаа бузар мууг зайлуулах ёстой” (Дэд хууль 13:1-5).
Мэдээж, Иерусалим хотынхны гаргасан тэр замбараагүй байдлаар Хуулийг мөрдөх нь буруу. Тэд энэ тал дээр ахлагч нартаа хандах ёстой байв. Тэгвэл Паул өөр бурхдыг шүтэн бишрэх тухай яриагүй нь ил болох байхсан. Ямартай ч, иудейчүүд Есүсийн тухай Паулын гэрчлэлийг хүлээж авахгүйг Их Эзэн Паулд урьдаас хэлсэн байв (Үйлс 22:18).