Skip to content

Үхлийг шийдсэн нь

Энэ дэлхий дээр төрсөн хүн бүр зайлшгүй үхэж оршин байхаа болино хэмээн Библи заадаг. Үхэхэд хүргэх шалтгаан бол өвөг эцэг Адамаас өвлөж авсан “уламжлалт үхэл” юм (өмнөх хэдэн нийтлэлийг үзнэ үү!). Энэ үндсэн асуудлыг, мөн үхлээс үүдэх гэм нүглийг хүн төрөлхтөн дийлэхийн ямар ч аргагүй. Зөвхөн Бүтээгч Эзэн энэ асуудлыг шийдэж чадна. Сайхан мэдээ нь Тэр үнэхээр Есүс Христийн загалмайгаар аль хэдийнэ шийдсэн! Гэм ба үхлийг бүрмөсөн шийдвэрлэж чаддаг цорын ганц Нэгэн яагаад Есүс Христ гэдгийг бид энэ нийтлэлд авч үзнэ. Ертөнцийн Эзэний төлөвлөгөөнд гэм ба үхэл хэрхэн үйлчлэх учиртайг мөн авч үзэх болно.

Есүс Христийн тухай сайн мэдээний цөмийг Паул дараах үгээр базаж хэлсэн билээ: “Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан…” (1 Коринт 15:1-4).

Олон итгэгчийн ойлгосноор Есүс гэмийнх нь шийтгэлийг өмнөөс нь хүлээх гэж нас барсан. Иймд “Христ бидний нүглийн ТӨЛӨӨ үхсэн” (АБ2004) гэснийг АБ2019-ын орчуулганд “Христ бидний нүглийн УЛМААС үхсэн” гээд өөрчилсөн бололтой. Тийм ээ, Христ бидний муу муухай гэм нүглийн улмаас үхсэн нь мэдээж үнэн. Бидэнд амар тайван авчрах гэж “Түүн дээр гэсгээл буусан” нь үнэн (Исаиа 53:5). Гэтэл Түүний үхэл бол шийтгэлээс хамаагүй илүү их утга учиртай бөгөөд Адамын алдаа зөрчилтэй шууд холбоотой.

Хоёр үндсэн чухал хүн: Адам ба Христ
Ертөнцийн Эзэний төлөвлөгөөнд үндсэн ач холбогдолтой хоёрхон хүн бий. Эхнийх нь бид бүхний өвөг эцэг Адам. Та төрөхөөсөө өмнө нэг ёсондоо аав ээжийнхээ “дотор” байсан шиг, бүх хүн төрөлхтөн анх Адамын дотор “агуулагдсан” байв. Адам гэм ба үхлийг хамаг үр удамдаа дамжуулснаас хойш хүн төрөлхтөн мөхөх тавилантай болсон. Адамаас гаралтай, амь муутай, мөхмөл хүн төрөлхтөнийг Бичвэрүүд “хуучин хүн төрөлхтөн” гэдэг.


Адам анхны хүн байхад үхэгсдээс амилсан Есүс “хоёрдахь хүн”-д тооцогддог (1 Коринт 15:47). Есүс бол нэг ёсондоо “Адам 2.0” буюу хүн төрөхлтөний шинэ загвар юм. “Хуучны загварын” Адам хуучин хүн төрөлхтөнийг эхлүүлж, тэргүүн нь болсон шиг Есүс “шинэ хүн төрөлхтөн”-ийг үүсгэн тэргүүлнэ. Тэр шинэ хүн төрөлхтөн үхэшгүй амьтай, гэм зэмгүй бөгөөд Адамын дахин амилах бүх үр удмаар нь бүрдэх учиртай.
Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхээр Ертөнцийн Эзэн “нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг яллажээ” (Ром 8:3).

Ажиглаваас, Есүс “нүгэлт махбодтой” байгаагүй, “махбодтой адил байдалтай” ч байгаагүй, харин “нүгэлт махбодтой адил байдал”-тай байсан. Есүс бусад хүнийх шиг жинхэнэ бие махбодтой байсан ч, биед нь гэм нүгэл оршин байгаагүй гэсэн үг (нүгэл махбодод орших тал дээр Ром 7:17-18-с үзнэ үү).

Есүс ээжийн талаасаа Адамын үр удам болж төрсөн ч гэсэн, Аав нь Ертөнцийн Эзэн билээ. Өөрийн Эцгээсээ Есүс энэ дэлхий дээр байхдаа ч “Өөртөө амь байлгах” эрх авсан (Иохан 5:26). Tийм учраас Адамын шийтгэл Түүнд хамаарахгүй. “Удамшлийн үхэл” Түүнд нэгэнт байгаагүй тул үхлийн хатгуур болох гэм ч гэсэн Түүнд нөлөөлсөнгүй. Иймд Есүс хэзээ ч гэм нүгэл хийж байгаагүй (Еврей 4:15).

Улмаар, Адамын үр удам болж төрөхөөсөө хол өмнө Есүс “бүх бүтээлийн дээрх Ууган нь” болсон. Ертөнцийн Эзэний Ууган Хүү болох “Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс… бүтээгдсэн” (Колоссай 1:15-16). Хүн төрөлхлтөн “Адамын дотор” байсан шиг хамаг ертөнц (Адам ч гэсэн) бүтээгдэхээсээ өмнө Ертөнцийн Эзэний Хүүгийн “дотор” байсан гэсэн үг. Бид бүхнийг Адамтай холбодог ураг төрлийн холбоо байдаг шиг, хүн төрөлхтөнийг Есүстэй холбодог бас тодорхой амийн холбоос бий. Тийм ч учраас Есүс хамаг хүн төрөлхтөнийг төлөөлөх эрхтэй.
Энэ бүх шалтгаанаас болж Есүс Христ гэм нүгэл ба үхлийн асуудлыг бүрмөсөн шийдвэрлэж чадах цорын ганц Нэгэн мөн. Улмаар, энэ асуудлыг хүн төрөлхтөний өмнөөс шийдэх нь “Ууган нь” болох Түүний үүрэг хариулцлага мөн.

Иймд Ертөнцийн Эзэн Хүүгээ “гэмийн тулд” – өөрөөр хэлбэл, гэмийг үгүй хийхийн тулд илгээжээ (Ром 8:3). Тэгэхдээ Хүүгээ дайсагнасан хүмүүсийн гарт тушаан орхижээ (Ром 8:32). Хүмүүс Есүсийг тамлан зовоогоод зогсохгүй Түүнд ял шийтгэлийн дээд хэмжээг тохоожээ. Түүнийг загалмай дээр цовдлоход Есүс зөвхөн тэдний учруулсан шарх ба үзэн ядалтыг төдийгүй, хорвоо ертөнцийн бүх гэм нүглийг биедээ үүрсэн (1 Петр 2:24; 1 Иохан 2:2).

Нас барахдаа тэр бүх гэм нүглийг булшиндаа авч орон хүчингүй болгосон. Дахин амилахдаа бүгдийг нь тэр булшинд үлдээжээ.

үргэлжлэл…