Skip to content

Үхлийн чанадад найдвар бий юу?

Ирээдүйд Бүтээгч Эзэн мөхсөн бүтээлээ санаад үхэгсдийн орноос дуудан амилуулах болно. Эрт дээр цагаас эхлэн Бүтээгч Эзэнтэй алхдаг хүмүүс үүнийг мэддэг байв. Аврагч Эзэн төлөөсийг нь төлөн, хүн төрөлхтөнийг гэм ба үхлийн боолчлолоос чөлөөлөх болохыг Иов ч мэдсэн. Христийн загалмайн тухай нарийн мэдлэг байгаагүй ч гэсэн, Аврагч Эзэн биеэрээ энэ дэлхийд ирэх тухай ойлголт эхнээс байсан. Энэ бүхнийг бид өмнөх нийтлэлээс олж харсан.

Өнөөдөр бид Аврагч Эзэнийхээ тухай илүү их мэдээлэлтэй. Тэрээр үхээд дахин амилахдаа бүтээлийнхээ манлайлагч болсон үнэнийг бид энэ нийтлэлд авч үзэх болно. Улмаар, Аврагч Эзэн нь амьд гэсэн бат итгэл Иовд хэрхэн тэсвэрлэх хүч чадал хайрлаж, бидэнд ч гэсэн ямар итгэл найдвар өгөхийг авч үзнэ.

Иовын тэсвэр тэвчээрийн нууц


Өөрийг нь өмгөөлөх, бас дахин амилуулах Аврагч Эзэнийг тэнгэрт байгааг, өөрөөр хэлбэл тэнгэрээс ирэх ёстойг Иов мэдсэн. Тухайлбал (Иов 16:19):

Одоо ч гэсэн Гэрч минь тэнгэрт байна.
Өмгөөлөгч минь өндөрт дээр байна…


Есүс Христ өнөөдөр үнэхээр тэнгэрт байна. Тэрээр Бүтээгч Эзэнд “ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирч, үргэлж амьд оршдог” нь баттай (Еврей 7:25).

Иов лав Их Эзэнийг “нулимсаа урсган” харж, “анд нөхрөө өмөөрөх мэт Ертөнцийн Эзэний өмнө намайг тэр өмгөөлөөсэй” хэмээн санаа алдав (Иов 16:21; ББ).

Иовын сэтгэл үнэхээрийн хүнд байсан учраас тэр. Хамаг юмаа алдсныхаа дараа өөрөө аймшигтай өвчин туссан. Эхнэр нь түшиг болохын оронд “Ертөнцийн Эзэнийг хараагаад үх” гэж мунхаглаж орхив. Найзууд нь түүнийг ойлгож тайвшруулж өгөхийн оронд шүүмжлэл буруутгалаар дайрав.

Иовд түүний байдал үнэхээр гомдмоор байлаа. Хамгийн хэцүү нь ийм аймшгийн шийтгэл хүртэхээр буруу юм юу ч хийгээгүйг нь мэдэх ёстой Их Эзэн хүртэл өөрийнх нь эсрэг байгаа юм шиг түүнд санагдав. Бүхий л хичит Эзэн л өөрийг нь буруутгах мэт, эд хөрөнгийг нь сүйтгэж, амьдралыг нь бусниулсан нь яриангүй. Үндсээрээ сугарсан мод шиг байх ёстой газраа алдаж, бүгдэд хаягдсан мэт Иов өөрөө өөртөө санагдав. Сэтгэл нь үнэхээрийн хэцүү, амьдрал ямар ч найдваргүй мэт харагдаж байхад Иов гэнэт нөгөө алтан үгээ хэллээ. Иовын итгэлийн тунхагийг сонсооч (Иов 19:25-27):

Миний Өмгөөлөгч амьд гэдгийг

би мэдэж байна!
Тэрбээр эцэст нь миний төлөө

шороон дээр зогсох болно.
Арьс минь илжирч унасан байлаа ч
Биеэрээ
[еврей: махбодоороо] би Бурханыг

[еврей: Элоааг] үзэх л болно.
Өөр хэнийг ч бус Түүнийг л би харна.
Өөрийнхөө нүдээр би харна.”


Иов хүнд хэцүү нөхцөл байдлынхаа дундаас Их Эзэнд итгэлтэй хэвээрээгээ зарласан. Сэтгэлийг нь унагааж байсан хүмүүсийн өөдөөс Иов Аврагчийнхаа амьд гэдгийг мэдэж байснаа баталсан. “Хэдийгээр амин сүнс минь надаас гарч, өт хорхой махбодийг минь идсэн ч гэсэн, амиллын өглөө би Аврагчийнхаа царайг өөрийн биеэрээ харах л болно” гэсэн нь түүний итгэл найдвар.

Найдваргүй энэ баргар байдлаараа нас барахад хүрсэн ч хамаагүй, Аврагчтайгаа нүүр тулан уулзахаа лавтайяа мэдсэн. Аврагч нь өөрийг нь нас барсан ч гэсэн үхлээс ч гаргана гэдэгт бат итгэсэн. Үхлийн чанадад ч орших итгэл найдвар Иовд байлаа.

Яг энэ итгэмж найдлага Иовыг хамгийн хэцүү үед нь хүртэл авч яваад найдварын хамт тэсэх чадал хайрласан. Хоёр мянгаад жилийн дараа Иовын тэсвэр тэвчээр итгэгчдийн үлгэр дуурайл болж мөнхөрчээ (Иаков 5:11). Иовын зовлон бүрийг тэсвэрлэж чадсан нууц нь энэ итгэлд нь оршив. Амьдрал нь яагаад сүйрч байгааг Иов ойлгосонгүй. Их Эзэн, Сатан хоёр итгэлийг нь сорьж шалгахаар тохирсон гэдгийг мэдэх арга түүнд байсангүй. Итгэлийг сорих зовлонг хэрхэн туулсан түүх нь олон мянган жилийн дараа ч үй түмэн хүнд урам зориг хайрлана гэдгийг гадарлаа ч үгүй. Буруу юм хийгээгүй боловч дэндүү их зовж буйгаа л Иов сайн мэдсэн. Тэгсэн ч гэсэн Их Эзэнд итгэлээ тавьдаг хэвээрээ. Аврагч нь заавал ирнэ гэж өөртөө сануулсаар байжээ.

Итгэлээ шалгуулах зовлонг туулсны үр дүнд Иов Ертөнцийг бүтээгч Эзэн чухам Хэн болохыг илүү сайн ойлгон авч, хамаагүй ойр харилцахад хүрсэн юм. Шуурган дундаас Бүтээгч Эзэн түүнд үгээ хэлсний дараа Иов хариуд нь: “Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би. Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна” гэжээ (42:5; АБ). Их Эзэн зүрх сэтгэлийнх нь харааг нээсэн билээ. Ингээд Иовын хүлээлт анхны биеллээ оллоо. Үр дүнд нь үхлийн чанадах итгэл найдвар нь улам хүчтэй болсон нь лавтай.

Есүс гэм ба үхлийн асуудлыг шийдсэн нь

Иовыг өмгөөлөх буюу зольж авах Аврагч нь “Есүс” гэдэг нэртэй болохыг бид өнөөдөр мэднэ.

үргэлжлэл…